ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ОНОМ САН RESOLVE TO SAVE LIVES AWARDS ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДЛАА
“Монгол улсын нийт нас баралтын 33% нь зүрх судасны өвчнөөс үүдэлтэй бөгөөд зүрхний шигдээс, тархинд цус харвалттай холбоотой эдгээр нас баралтын дийлэнхи нь цусны даралт ихсэлтээс шалтгаалж байна. 100.000 хүн амд ноогдох тархинд цус харвалтын шалтгаант нас баралтаар манай улс дэлхийд тэргүүлж байгаа төдийгүй энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас 4 дахин их байна.
Оном сан Улаанбаатар хотноо Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран “Эрүүл Зүрх Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл Оном сан дээрх үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн Монгол улсын 21 аймгийг хамруулан улс орон даяар цусны даралт ихсэлтийн хяналтыг сайжруулах Эрүүл Зүрх Эрүүл Монгол хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. Цусны даралт ихсэлттэй тэмцэж буй ажлын туршлага, хэрэгжүүлж буй хөтөлбөрийн бодит үр дүнд нь үндэслэн 2019 оны 11 сарын 07-нд LINKS-ийн гол түншлэгч “Resolve to Save Lives Awards”-аас Монгол улсын цусны даралтыг бууруулах чиглэлээр Хөгжлийн төлөө Оном санд 2 жилийн хугацаатай тэтгэлэг олгохоор сонгосон байна.
LINKS нь цусны даралт ихсэлттэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, харилцан туршлага солилцох боломжийг олгох үүднээс энэ чиглэлээр манлайлан ажиллаж буй орнуудыг дэлхийн тэргүүний, туршлагатай мэргэжилтнүүдтэй холбож цусны даралтын хяналтыг сайжруулах ажлыг өндөр түвшинд хэрэгжүүлэхэд тусалдаг. LINKS нь “Resolve to Save Lives” олон улсын санаачилгын хүрээнд санхүүждэг ба уг хөтөлбөрийг ДЭМБ болон АНУ -ын Өвчний хяналт, сэргийлэлтийн сантай хамтран хэрэгжүүлдэг юм.
Эмч мэргэжилтнүүдийн тооцоолсноор улс орнууд цусны даралт ихсэлтийн хяналтыг нэмэгдүүлсэнээр ойрын 25 жилийн дотор 40 сая хүний амийг аварч чадна гэсэн дүгнэлт гарчээ.
“Resolve to Save Lives” -ийн ерөнхийлөгч Том Фрийдэн хэлэхдээ “Зүрх судасны өвчлөл нь бүх халдварт өвчлөлөөс ч илүүтэйгээр хүн амыг үхэлд хүргэж байгаа ч, эрүүл мэндийн тогтолцоо, дэлхийн эрүүл мэндийн нийгэмлэгүүдийн анхаарлын төвийн гадуур орхигдсон хэвээр байна” гэжээ.
ДЭМБ-ийн Халдварт бус өвчний менежментийн зохицуулагч Чериан Варгезе хэлэхдээ “LINKS -ийн энэхүү тэтгэлэг нь анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, артерийн даралтыг хяналтыг сайжруулахад орон нутгийн түвшинд маш сайн дэмжлэг болдог. Тус хөтөлбөр нь эрүүл мэндийн тогтолцооны чадавхийг бэхжүүлсэнээр бүх нийтийн эрүүл мэндийн боловсрол, зөв дадалд онцгой ач холбогдолтой” гэсэн юм.
АНУ -ын Өвчний хяналт, сэргийлэлтийн сангийн ерөнхийлөгч доктор Жуди Монрое “Зүрх судасны өвчлөлийг бууруулахын тулд Өвчний хяналт, сэргийлэлтийн сан нь LINKS -ийн олон нийтийн цахим сүлжээ, мэдээллийн платформоор дамжуулан дэлхийн улс орнуудад дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж байгаа түншүүддээ талархаж байна. Зүрх судасны эрүүл мэндэд тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажилласнаар мэдлэг, тэргүүн туршлага, сургалтын арга техникийг дэлхий даяар түгээж ашиглах боломжтой” болохыг дурьджээ.