МУИС, ХААИС, ШУТИС, МУБИС-д байгаль орчны чиглэлээр мэргэжил эзэмшиж буй 3.2-оос дээш голчтой III дамжааны 20 оюутанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тус бүр 1 сая төгрөгийн батламж гардууллаа.
Тэрбээр “Та бүхний суралцаж байгаа мэргэжил бол ирээдүй хойч үедээ байгаль орчны боловсрол олгох, байгаль эх дэлхийгээ хамгаалах зөв дадлыг төлөвшүүлэх ач холбогдолтой. Та бүхнийг олон улсын хурал, зөвлөгөөнд хамруулах ажлыг цаашид яамнаас зохион байгуулна. Сүүлийн үед олон нийт мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсохоо байсан энэ цаг үед та бүхэн үнэ цэнтэй мэргэжилтнүүд болж байгаль орчны салбарт өөрсдийн дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлээсэй гэж хүсэж байна.
БОАЖЯ-наас Хандлагаа өөрчилье багц ажлын хүрээнд ЕБС-иудын ахлах ангийн сурагчдын дунд байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аяныг амжилттай зохион байгуулж, 21 аймаг, нийслэлийн шилдэг 22 сурагч Бээжин хотын ногоон бодлоготой танилцсан. Мөн шилдэг 10 сурагч БНСУ-ын Сөүл хотноо болсон “Ногоон долоо хоног” олон улсын хуралд оролцож, Ногоон паспорт аяныг танилцуулсан. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуучуудын чуулга уулзалтад МУИС-ийн харьяа Байгаль эх лицей сургуулийн сурагч оролцож, Ногоон паспорт аяныг танилцуулж, Монголын сурагчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрхэн тэмцэж байгаа талаар дуу хоолойгоо хүргэсэн. Тиймээс та бүхнийг ч мөн адил олон улсын түвшинд өөрсдийн дуу хоолойг хүргээсэй гэж хүсэж байна. Үүний тулд яам та бүхнийг дэмжиж ажиллана гэдгийг дуулгахад таатай байна. Амжилт хүсье” хэмээсэн юм.
Тэтгэлэг гардаж авсан оюутнууд талархлаа илэрхийлээд мэргэжлээрээ олон улсад өрсөлдөхүйц хэмжээний, улс эх орондоо хэрэгтэй хүн болж төлөвшихөө энэ үеэр илэрхийлж байсан юм.