Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас төрийн болон аж ахуй нэгж байгууллагуудыг хүүхэд хамгааллын бодлоготой болгох, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, байгууллагын ажилтан албан хаагчдаар дамжуулан гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг уриалах, сурталчлах зорилготой “Би хариуцлагатай аав ээж” аяны сургалтыг нийслэлийн 9 дүүргийн бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүдэд зориулсан сургалтыг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл зохион байгуулж байна.
Тус сургалтын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдийг хамруулан зохион байгууллаа. Нээлтэд нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул нар оролцлоо.
“Би хариуцлагатай аав, ээж” аяны хүрээнд зохион байгуулагдаж буй сургалт нь нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгчд, эцэг эхчүүдийг хамруулан зохион байгуулж байгаагаараа онцлогтой бөгөөд нийгэмд эцэг, эхчүүд үүрэг хариуцлагаа ухамсарлан, хүүхдийн хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх дадал, хэвшлийг бий болгоход бодитоор нөлөөлөх үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлж эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлнэ гэж Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.