“Төрийн захиргааны байгууллагуудад чанарын удирдлагын стандарт нэвтрүүлэх нь” сэдэвт Үндэсний чуулган Улаанбаатар хотноо болж байна. Тус чуулганыг ЗГХЭГ- аас Конрад Аденауэрын сантай хамтран зохион байгуулж, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, хэрэгжүүлэгч агентлагуудын удирдлагууд, 21 аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарыг хамруулж байна. ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн Үндэсний чуулганыг нээж үг хэлсэн юм.
Төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлж, иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, хүртээмжтэй байлгах үүднээс Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж 2008 онд туршилтын журмаар хэрэгжүүлж байжээ.
Иймд эрдэмтэд, судлаач, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор ажлын хэсэг томилж найман сарын хугацаанд Төрийн захиргааны байгууллагуудад хэрэгжүүлсэн чанарын удирдлагын тогтолцооны хэрэгжүүлсэн байдлын судалгааг хийж танилцуулжээ. Зарим агентлаг, Орхон, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймаг, улсын хэмжээнд нэг суманд MNS ISO 18091:2019, MNS PD/TS 900252019 стандартыг хэрэгжүүлж тодорхой үр дүнг харуулж, ажилчдын ажлын байран дахь цаг ашиглалт нэмэгдэж, ажилчид, тэднээр үйлчлүүлж байгаа иргэдийн сэтгэл ханамжийн индекс 1,1-1,3 функтээр өссөн үзүүлэлт гарсан байна.
Конрад Аденауэрын сангаас хүн амын тоо, хөгжлийн хурд, газар нутгийн байршлын хувьд харилцан адилгүй байдал нь аймаг, сумдад нэгдсэн стандарт нэвтрүүлж, мөрдүүлж хэвшүүлэхэд гол саад бэрхшээл болж байна гэв. Гэхдээ зарим улс орнуудтай харьцуулахад дэлхийн техник технологийн хөгжлийн хурдаас хоцрохгүй байгаа нь төрийн захиргаанычанарын удирдлагын стандартыг богино хугацаанд нэвтрүүлж үр дүнд хүрэх өөдрөг төсөөлөл ажиглагдаж байгааг онцлон танилцуулж байв.
Чуулганд оролцогчид судалгааны дүнтэй танилцаж, цаашид Төрийн захиргааны байгууллагуудад чанарын удирдлагын стандартыг нэгдсэн журмаар нэвтрүүлэх эсэхээ тодорхойлох юм.