Улсын Их Хурлын чуулганы /2019.11.21/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. УИХ-ын чуулганы 11 дүгээр сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэн УИХ-ын гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60.5 хувь нь дэмжсэнээр С.Даваасүрэнг Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.
Үргэлжлүүлээд Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ-ын 2016 оны 11 дүгээр тогтоолоор Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилсон. Н.Баяртсайхан тус албан тушаалыг хашсан гурван жил орчмын хугацаанд улсын эдийн засгийн тогтворжуулж, санхүүгийн орчныг эрүүлжүүлэх, мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах, олон улсын байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой ахиц дэвшил гаргасан боловч гадаад болон дотоодод итгэл хүлээлгэхүйц орчин нөхцлийг бүрдүүлээгүй, зөвлөмжийг хэрэгжүүлэн, тодорхой бодит үр дүн гаргах талаар хангалттай ажиллаж чадаагүй гэж Эдийн засгийн байнгын хороо дүгнэснийг УИХ-ын дарга онцлов. Тэрбээр 2019 оны зургадугаар сард Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцээд хангалттай биш хэмээн үзсэнийг дурдаад Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр УИХ-ын даргад гаргасан тул Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийг үндэслэн Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчийн үүрэг ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцүүлэхээр оруулж байна хэмээн танилцууллаа.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулав.
Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчийн үүрэг ажлаас чөлөөлөх тухай УИХ-ын даргын саналыг Эдийн засгийн байнгын хороо 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монголбанкны ерөнхийлөгчийг үүрэг ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Оюундарь нар асуулт асууж, үг хэлсэн бөгөөд Төв банкны ерөнхийлөгчийг чөлөөлснөөр эдийн засагт доргилт үүсэх зүйл гарах вий хэмээн болгоомжилж буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн Монголбанкны ерөнхийлөгчийн санал, мэдээллийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг УИХ-ын гишүүн Н.Оундарь хөндсөн.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын хариулснаар, Монголбанкны ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал дан ганц Монгол Улс “Саарал жагсаалтад” орсонтой холбоотой бус бөгөөд арилжааны банк татан буугдсан, банк, санхүүгийн салбарт сахилга бат алдагдсан, Төв банкы үйл ажиллагааны тайлан хангалттай үнэлэгдээгүй зэрэг олон шалтгаантай гэлээ. Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээлэл, саналыг ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцсэн гээд, цаашид эдийн засагт донсолгоо үүсэхээс сэргийлэхийн тулд УИХ-ын удирдлага, холбогдох байнгын хороод анхаарч ажиллах ёстой гэдгийг ч дурдсан.
Эцэст нь санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувийн саналаар Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөллөө.