Дэлхийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Ираны нэрт жүдоч, 27 настай Моллаей Саеид Монгол Улсын иргэншилтэй болсон талаар бид өнөөдөр мэдээлсэн билээ.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас дөнгөж сая албан ёсоор мэдээллээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалт, Харьяатын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, өөрийнх нь хүсэлт, Гадаадын иргэн харьяатын газрын дүгнэлтийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Монгол Улсын харьяат болгох тухай” зарлиг гаргаж, Моллаей Саеидийг Монгол харьяат болгов.
Моллаей Саеид нь 1992 онд Иран улсад төрсөн, жүдо бөхийн +81 кг-ийн жинд дэлхийн аваргын алт, хүрэл медаль хүртэж байсан алдартай тамирчин юм.