Валютын ханшийн савалгаа монголчуудыг ёстой л нэг донсолгож байна даа. Учир нь сүүлийн хоёр хоногт ам.доллар, юанийн ханш чангарснаас болж импортын бүхий л барааны үнэ хөөрөгдөж барьц алдуулахад хүргээд буй.
Бид өчигдөр “Найман шарга” захаар орж валютын ханш ямар байгаа талаар сонирхсон юм. Ам.доллар болон юанийн эрэлт өндөр байгаа болохоор тус захын шагчид ойролцоо явсан хүн бүхнээс “Доллар, юань, ногоон авна, зарна. Хэд байгаа юм” гээд сугадаж явах нь холгүй байлаа.
Гадаа зогсож байсан тэдгээр хүмүүс ам.долларыг 1704 төгрөгөөр авч, 1707 төгрөгөөр зарж байсан бол тус захын валют арилжих цэгт арай үнэтэй байв. Өөрөөр хэлбэл бидний очих 12:00 цагийн үед ам.долларыг 1705 төгрөгөөр авч 1708 төгрөгөөр худалдаалж байлаа. 200 мянган төгрөгөөс дээш мөнгө солиулах бол юанийнхаа үнийг бага зэрэг буулгаж болно гэж байв.
Нэг хэсэг 1790 хүрээд байсан ам.долларын ханш 1630 хүртэл буурсан ч энэ долоо хоногт яагаад дахин өссөн талаар арилжаа эрхлэгчдээс тодруулахад “Биднийг дураараа ханш өсгөж байгаа юм шиг ярьдаг. Үнэн хэрэгтээ тийм биш. Яаж ч бодсон арилжааны банкуудаас хамаагүй доогуур үнээр борлуулдаг юм. Тэгж байж л бид хийх ажилтай, жаахан орлоготой байгаа юм.
Манайхан Монголбанкны ханш, арилжааны банкуудын ханшийг харж байгаад үнээ тогтоодог.
Ам.доллар эрэлт ихтэй байгаа болохоор үнэ өсөж байгаа. Доллар өссөн тохиолдолд бусад валют дагаад өсдөг” гэсэн юм. Саяхан манай улсад хуурамч юань илэрсэн тухай мэдээллээс болж арилжаанд оролцож буй иргэд их л нухацтай хандаж байгаа ажиглагдсан. Юань худалдан авахаар ирсэн хүмүүс их болгоомжтой хандаж, автомат машинаар давхар тоолуулж шалгаж байгаа харагдав.
“Найман шарга” захын ченжүүд “Монголбанк ямар бодлого явуулдгийг мэдэхгүй. Арилжааны банкууд ам.доллар гаргаад эхэлбэл ханш буурна. Гэтэл тэд байгаа валютаа гаргахгүй байна” гэсэн утгатай үгийг хэлдэг.
Арилжааны цэгүүдэд нийт валютын 0.01 хүрэхгүй хувь нь эргэлддэг гэж Төв банкнаас мэдэгдэж байсан удаатай. Тэгвэл худалдаа эрхлэгчдийн 90 гаруй хувь нь “Найман шарга” захаас валютаа авдаг гэсэн албан бус тоо бий. Харин арилжааны банкууд дээр өчигдөр ам.долларыг 1690-1695 төгрөгөөр авч, 1710-1712 төгрөгөөр худалдаалж байв.
Монголбанк 60.4 сая юань худалдав
Монголбанк өчигдөр хуваарийн дагуу гадаад валютын дуудлага худалдааг зохион байгуулсан. Арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн ч ам.доллар худалдсангүй. Харин 60.4 сая юанийг 279.20 төгрөгөөр худалдаж, валютын захад нийлүүлсэн байна.
Төв банкны хувьд зургаан долоо хоногийн валютын нөөцтэй байгаа аж. Энэ нь өмнөх үетэй харьцуулахад 5-6 дахин буурсан үзүүлэлт юм. Оны эцэст өр зээлээ төлөөд эхэлбэл нөөцийн хувьд хүндэрч болзошгүй. Энэ тохиолдолд ам.доллар жинхэнэ утгаараа хомсдож, ханшийн зөрүү улам л тэнгэрт хадах нь гэсэн айдас олны дунд байна.
Чухам яагаад төгрөгийн ханш сулрав гэдэгт мэргэжлийн байгууллагууд гадаадын шууд хөрөнгө оруулалт буурснаас боллоо гэхээс өөр дорвитой тайлбар хэлдэггүй. Өдрөөс өдөрт хүч тамираа алдаж буй монгол төгрөг хэзээ нэг сэхэл авах юм бол доо.