НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарласан билээ. Энэхүү өдрийг тохиолдуулан нийслэлийн Эрүүл мэндийн газраас Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан олон төрлийн амин дэм, эм бэлдмэл, гарын авлага, тэргэнцэр зэргийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо”-нд гардуулан өглөө. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
2018 оны хүн ам зүйн үзүүлэлтээр Монгол Улсад 105.7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн 33 хувь нь нийслэл хотод амьдарч байгаа бөгөөд үүнээс 3653 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Нийслэлийн зүгээс Улаанбаатар хотод амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих зорилгоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 81 дүгээр тогтоолоор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” нийслэлийн дэд хөтөлбөрийн баталсан. Мөн Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл”-ийг ажиллуулж, жил бүр тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж иржээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас харьяа эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Тухайлбал, нийслэлийн Баянзүрх, Налайх, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвөөс хөгжлийн бэрхшээлтэй 130 гаруй хүүхдийг зуны улиралд чийрэгжүүлэх, сэргээн засах эмчилгээнд хамруулжээ. Энэ жил нийслэлийн Боловсролын газрын харьяалалд байсан Хүүхдийн клиник 4, 40, 41 дүгээр сувилал нь нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяалалд шилжиж ирсэн бөгөөд эдгээр сувилалд суурь өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувилгаа, сэргээн засах эмчилгээг хийх бүрэн боломжтой болсон байна.
Түүнчлэн нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн дэмжих сарын аян”-ыг өрнүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээнд хамрууллаа. Мөн дээрх аяны хүрээнд Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дархлааг сайжруулах, амин дэмийн дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Өгөх өдөр” арга хэмжээг зохион байгуулсан юм.
“Өгөх өдөр”-т нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангууд хамтран оролцож, өөрийн үйлчлэх хүрээний хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд амин дэм, асаргааны хэрэгсэл болох живх, биеийн тос зэргийг өгсөн бол, өнөөдөр Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбооноос “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо”-нд амин дэм, гарын авлага, тэргэнцэр зэргийг гардуулан өгч байна.