Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас өнөөдөр /2019.12.05/ “Дархан монгол ногоон нэгдэл ТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох хэргийн шийдвэртэй холбогдуулан мэдээлэл хийлээ.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал“Дархан монгол ногоон нэгдэл ТББ” нь нийтийн өмчийг хамгаалах зорилгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны дөрвөн захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор хандсан байдаг.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч “Дархан монгол ногоон нэгдэл ТББ-аас Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 27, 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 94, 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 19, 2015 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгохоор Ерөнхий сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Маргаан бүхий дөрвөн захирамж нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн тавдугаар зүйлийн II, 17 дугаар зүйлийн III, 20 дугаар зүйлийн III-т зааснаар Засгийн газрын хамтын зарчмаар буюу танхимын зарчмаар хэрэгжүүлэх бүрэн эрхтэй холбоотой УИХ-ын өмнө хамтын хариуцлага хүлээх тухай асуудал нь бусад гишүүний эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол тухайн асуудлыг эрхэлсэн гишүүнд урьдчилан мэдэгдэж, санал солилцох шаардлагатай холбоотой бүх дээрх хуулийн заалтуудад нийцүүлээгүй гэж дүгнэсэн.
Маргаан бүхий дөрвөн захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг удирдамжинд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлсэн, захирамжаар гарын үсэг зурах эрх олгогдсон этгээд хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан зэргээр дөрвөн захирамжийг зохицуулалтын үйлчлэл нь дуусгавар болсон маргаан бүхий захирамжууд биелэгдсэн учир шүүхээс эдгээр дөрвөн захирамжийг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэлд заасан нийтийн өмчийн эрх буюу хууль ёсны ашиг сонирхол нь шууд сэргээгдэхгүй юм.
Харин шүүхээс маргаан бүхий захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоосноор төрийн гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллагын хүрээнд Ерөнхий сайдаас дахин илт хууль бус захирамж гаргахгүй байх, дараагийн шийдвэр гаргах ажиллагаандаа нийтийн өмчийг хамгаалан нийтийн эрх ашиг, сонирхолд нийцүүлэн шийдвэр үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх зэрэг Монгол Улсын ирээдүйн хөгжлийн хувь нэмэр оруулах зүй ёсны буюу хууль ёсны нийтийн ашиг сонирхлыг нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ дурдаж шүүх хуралдааны явцад тайлбарлан маргаж байна гэж үзсэн учир шүүхээс энэхүү хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нь үндэслэлтэй гэж үзсэн.
Маргаан бүхий дөрвөн захирамж нь илт хууль бус болохыг шүүхээс тогтоосноор эдгээр захирамжийн эрх зүйн үр дагавар үүссэн бусад харилцаа буюу түүний дотор Оюутолгойн санхүүжилтийн төлөвлөгөө гэж нэрлэгдэх хөрөнгө оруулалтын гэрээний хүчин төгөлдөр байдлыг хөндөхгүй, түүнд нөлөөлөхгүй юм.
Учир нь маргаан бүхий захирамжийн эрх зүйн үр дагавраас үүдсэн эрх зүйн бусад харилцаа нь тусдаа өөр төрлийн харилцаа, бусад төрлийн эрх зүйн актад хамаарч байх тул ялангуяа Оюутолгой төслийн далд уурхай бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлөвлөгөөний хүчин төгөлдөр байдлыг хөндөхгүй, түүнд нөлөөлөхгүй гэдгийг шүүхийн шийдвэрээр баталгаажуулсан. Хэрвээ энэ асуудлаар маргаан үүсэх юм бол гэрээнд заасны дагуу шийдвэрлэнэ. Захиргааны шүүхээр шийдвэрлэсэн энэ маргаан нөлөөлөхгүй. Оюутолгойн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн шаардлагадаа дурдаагүй. Харин хариуцагч энэ талаар маргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргааны асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүйг үндэслэн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөөний бүх оролцогчийг гуравдагч этгээдээр татах үндэслэлгүй гэж үзсэн байна” гэлээ.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн албан ёсны вэб сайт энд дарж танилцах боломжтой.