Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдааны эхэнд “Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах санал уламжлах тухай” асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тус асуудлыг хуралдаанд танилцуулсан юм.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Монгол наадам цогцолбор”-ын хэрэгцээнд зориулан Сонгинохайрхан дүүргийн газраас 551, Төв аймгийн Аргалант сумын 12 031 ам метр талбайг улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг. Гэвч айл өрхүүд тухайн газар суурьшиж, газрын давхцал үүссэний улмаас цогцолборын төлөвлөлт хийхэд хүндрэлтэй болоод буй. Тиймээс Аргалант сум болон Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс тусгай хэрэгцээнд авах талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах шаардлага гарчээ. Өнөөдрийн хуралдаанд Сонгинохайрхан дүүргийн 551 га газрыг оруулснаас дөрвөн га талбайг хасаж, 18.8 га-г нэмж нийтдээ 565.8 га талбай болгон өөрчлөх санал боловсруулжээ. Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд дэмжиж, нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХХ хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.