Холбооны Бүгд найрамдах Герман Улсын Бремен хотноо энэ сарын 7-ны өдөр Латин формейшн бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Монголын Бүжгийн Спортын Холбооны албан ёсны эрхтэйгээр “Moon Dance” бүжгийн хамтлаг амжилттай оролцож, гурав дахь удаагаа шигшээд шалгаран, цомын эзэд боллоо.
“Moon Dance” бүжгийн хамтлаг энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын Үндэсний бахархалт шувууг илэрхийлсэн “Шонхор” нэртэй үзүүлбэрээр оролцжээ. Хамтлагийн бүжгийн удирдсан багш дасгалжуулагчаар О.Оюунцэцэг, С.Очирхүү,“Шонхор” үзүүлбэрийн хөгжмийн зохиолчоор Д.Батмягмар, дизайнераар О.Гэрэлтуяа нар хамтран ажилласан бөгөөд тэдний хамтын уран бүтээл ийнхүү “Moon Dance” хамтлагийн бүжигчдийн ур чадвараар амилж Монгол Улсын нэрийг дэлхийн тайзнаа дахин алдаршуулж чадлаа.
“Moon Dance” бүжгийн хамтлагийн олон улсын тэмцээнд гаргасан амжилтуудаас дурьдвал 2016 онд Герман улсад болсон бүжгийн спортын ДАШТ-д тавдугаар байр, 2017 онд Австри улсад зохион байгуулсан ДАШТ-ий зургадугаар байр, 2018 онд БНХАУ-д болсон ДАШТ-ий наймдугаар байр, Англи улсад болсон “BLACKPOOL-2018” Олон улсын хэмжээний тэмцээнд хоёрдугаар байрт шалгарч байсан юм.