Э.Одгэрэл: Акийн 10 орны аюулгүй байдал, хууль сахиулах байгууллагад ажиллаж байгаа эмэгтэйчүүд анх удаа нэг дор чуулсан онцлог хурал боллоо

Бүгд Найрамдах Филиппин Улсын Кейзон хотноо зохион байгуулагдсан “Хууль сахиулах салбарын манлайлагч эмэгтэйчүүд” сэдэвт Азийн бүс нутгийн анхдугаар бага хуралд оролцсон тухай Монголын багийг ахлаж явсан ЦЕГ-ын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Одгэрэлтэй ярилцлаа.

-Манай улсын эмэгтэй хууль сахиулагчид анх удаа олон улсын хуралд оролцоод ирлээ. Хурлын талаар яриагаа эхлэх үү?

-2019 оны 11 дүгээр сарын 18-наас 22-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Филиппин Улсын Кейзон хотод зохион байгуулагдсан “Хууль сахиулах салбарын манлайлагч эмэгтэйчүүд” сэдэвт Азийн зүүн бүс нутгийн анхдугаар бага хуралд Монгол Улсын Цагдаагийн байгууллагын төлөөлөл 10 эмэгтэй албан хаагч амжилттай оролцоод ирсэн. Тус арга хэмжээ нь Азийн 10 орны аюулгүй байдал, хууль сахиулах байгууллагад ажиллаж байгаа 200 гаруй эмэгтэйчүүдийг анх удаа нэг дор цуглуулснаараа онцлог болсон юм.

Нээлтийн ажиллагаанд зохион байгуулагч тал болох Мансууруулах бодис болон хууль сахиулах олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Брандон Худспет, мөн Филиппиний Үндэсний цагдаагийн газрын төлөөлөгч, Америкийн Нэгдсэн Улсаас Бүгд Найрамдах Филиппин Улсад суугаа Элчин сайд ноён Сун, Кейзон хотын амбан захирагч Жой Белмонте нар хүрэлцэн ирсэн нь мөн хурлын цар хүрээг харуулж байсан.

Олон улсын хурлаас манай хууль сахиулагч эмэгтэйчүүдэд ямар бодит үр нөлөө үзүүлэхээр байна вэ. Чухам юуг суралцахуйц харагдаж байв?

-Тус бага хурлын илтгэгч, чиглүүлэгч, зохицуулагчид нь аюулгүй байдал хууль сахиулах салбарт олон жил ажилласан туршлагатай, салбартаа өндөр амжилттай үүрэг гүйцэтгэдэг алба хаагчид байсан. Мөн одоо ч үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа эмэгтэйчүүд ажилласан нь хуралд оролцогчдын ур чадварыг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан гэж харж байгаа. Тухайлбал, Америкийн Нэгдсэн Улс болон түүний түншүүдийн аюулгүй байдлын стратегийн чадавхыг бий болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг Стратегийн хүчин чадлын бүлгийн Ерөнхийлөгч, доктор Керрин Ханлон. Мөн бүлгийн Сургалт, төлөвлөлт хариуцсан захирал Джойс Каси-Миллс. Цагдаагийн ахлах зөвлөх Рут Жой гэж хүн ирсэн. 2016 оны Азийн залуу 12 манлайлагчийн нэг, 2017 оны Филиппиний “Шилдэг эмэгтэй цагдаа” шагналын хамгийн залуу төлөөлөгч, Филиппиний Үндэсний Цагдаагийн Хэвлэлийн төлөөлөгчийн орлогч, цагдаагийн дэд хурандаа Кимберли Эстебан Молитас байсан. Сингапурын цагдаагийн байгууллагад 24 жил ажилласан Чор Пинг Ву ирсэн. Тэрээр Энхийг сахиулах ажиллагаанд удирдагчаар хэд хэдэн удаа оролцож байсан бөгөөд одоогоор Интерполын Глобал цогцолборын Технологи, инновацийн газарт ажилладаг юм билээ. Түүнчлэн Канадын морьт цагдаагийн албаны гавьяат ажилтан, Хатан хааны медальт, Барбара Флери байв. Мөн 20 жилийн турш Холбооны мөрдөх товчооны тусгай төлөөлөгчөөр ажиллаж байгаа Шэрон Куо гэх эрхэм. Малайзын цагдаад 28 жил алба хаасан, комиссарын ахлах туслах Норма Ишак, Кентаки мужийн цагдаагаас тэтгэвэрт гарч улмаар АНУ-ын мансууруулах бодис болон хууль сахиулах олон улсын хамтын ажиллагааны газарт цагдаагийн ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд өөрийн “Амьдралын сургалтын төв”-ийг үүсгэн байгуулж ажиллаж байгаа Алешиа Вебб-Эджингтон нар ирж оролцсон гэдгийг дуулгахдаа таатай байна.

Тухайн хурлын хамгийн чухал агуулга нь юу байсан бэ. Үр дүн нь юу байв?

-Бага хурлын арга хэмжээ байнгын идэвхтэй харилцааны хэлбэрээр явагдсан нь тун сонирхолтой, үр өгөөжтэй байсан. Хөтөлбөрийн хувьд “Хууль сахиулах салбарын эмэгтэй алба хаагчдад тохиолддог бэрхшээлүүдийг тодорхойлох”, “Хэвшмэл ойлголтуудыг эвдэх”, “Харилцааг сайжруулах”, “Олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх”, “Гүйцэтгэл дээр анхаарлаа төвлөрүүлэх” гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд явагдсан. Ингэхдээ өдөр бүр нэг сэдэв дээр төвлөрч, дараа өдрийн сэдэв нь урд өдрийн сэдэв дээр суурилан үргэлжилсээр сүүлийн өдөр нь хурлаар олж авсан мэдлэг мэдээллийг ашиглан өөрийн оронд тулгамдаж буй тодорхой нэг асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр гүйцэтгэлийн төсөл боловсруулах эсвэл хэрэгжиж үр дүнгээ өгсөн ажлуудаа бусадтайгаа хуваалцсанаар өндөрлөсөн.

Манай орны эмэгтэй алба хаагчид тус хуралд юуг онцлон тэмдэглэсэн бэ?

-Манай багийн хувьд, Монгол улсын Цагдаагийн байгууллагаас сүүлийн хоёр жилийн хугацаанд тодорхой төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор 12 аян, нэгдсэн арга хэмжээг олон нийтийг уриалах, иргэдийг татан оролцуулах замаар явуулсан талаар товч мэдээлэл хийсэн бөгөөд үүнээс “1 хором” аяныг онцлон танилцуулж, тус аяныг хэрэгжүүлснээр бусдын биед гэмтэл учруулах, танхайрах, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 2019 оны 3 дугаар улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 21 хувиар буурсан сайн үр дүн үзүүлснийг дурдсан.

Төсөл боловсруулах шатанд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюуны санаачилсан хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Хүүхдийн бүртгэл, хяналтын систем”-ийг хэрхэн хэрэгжүүлэх тал дээр баг хамт олноороо ажилласан. Мөн гүйцэтгэлийн төлөвлөлтийг нарийвчлан хийж, зохион байгуулагч болон бусад орны төлөөлөгч нарт танилцуулсан нь сонирхолтой байж чадсан. Хуралд оролцогчдоос “олон талаас нь бодож, алхам бүрийг тооцсон байна” гэж үнэлэгдэн тус арга хэмжээний хаалтын ажиллагааны үеэр гардуулсан хоёр шагналын нэгийг нь хүртсэн байгаа.

-Эмэгтэй хууль сахиулагч нар хуралдсан гэхээр их сонирхолтой санагдаж байна. Магадгүй тулгардаг бэрхшээлээ ярилцсан болов уу?

-Тийм. Энэхүү  олон улсын бага хурал нь хууль сахиулах байгууллагын эмэгтэй албан хаагч байхад тулгардаг сорилт бэрхшээлийг даван туулж, ажилдаа ахиц дэвшил гаргах, эрэгтэйчүүдтэй мөр зэрэгцэн амжилттай хамтран ажиллах зэрэгт шаардлагатай удирдлагын манлайлал, менежментийн ур чадварыг дээшлүүлсэн ач холбогдолтой байгаад зогсохгүй нэмэлтээр бие хамгаалах, гардан тулааны сургалтад хамрагдах, хийн буудлагын дадлага хийх боломжуудыг олгосон.

-Манай улсын эмэгтэй алба хаагчид маань богц дүүрэн ирсэн байх шиг?

-Оролцсон бүрэлдэхүүний амжилт бол мэдээж багийн ажиллагаагаар хүртсэн шагнал юм. Нөгөө талаас хамгийн гол ололт нь бусад улс орны сайн туршлагууд гэж харж байгаа. Бусдын туршлагаас суралцана гэдэг үргэлж сайн зүйл байдагчлан, аль хэдийн хэрэгжээд үр дүнгээ өгсөн ажил арга хэмжээг өөрийн оронд нутагшуулна гэдэг бол цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэсэн сайн ажил болно гэдэгт итгэлтэй байна.  Мөн уг бага хуралд оролцсоноор үндэстэн дамнасан гэх мэт шинэ төрлийн гэмт хэрэг өсөн нэмэгдэхийн хэрээр цагдаагийн байгууллагууд гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд олон улсын хамтын ажиллагаагаа сайжруулах нь олон талын ач холбогдолтой.

Эмэгтэйчүүд бие биенээ дэмжиж хамтдаа хөгжих хэрэгтэй, бусадтай биш өөртэйгөө өрсөлдөж, өчигдрөөс илүү “би”-г бүтээх нь энэ цагийн чиг хандлага юм шүү гэж уриалж хэлье.


Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …