Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газар хамтран 2016 оноос эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, насан туршийн боловсролын төвүүдийн дунд “Монгол хүн” хүмүүжлийн аяныг 4 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.
Ийнхүү “Монгол хүн” хүмүүжлийн аяны III зөвлөгөөн өнөөдөр Ub palace концертын их танхимд боллоо. Нээлтэд нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариусан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун Ё.Цацралтуяа, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар оролцлоо.
Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариусан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хэлэхдээ “Энэ жилийн “Монгол хүн” хүмүүжлийн аянаар “Уншлагыг дэмжих -2021” төслийг хэрэгжүүлснээрээ онцлогтой. Мөн энэ аяны хүрээнд сургууль цэцэрлэгийн ногоон багууламжийг нэмэгдүүлэх зорилгоор “Ногоон орчин-Танхимын бус сургалт” тэргүүн туршлага шалгаруулан төсөл хэлбэрээр дэмжиж энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. “Монгол хүн” хүмүүжлийн аянд зөвхөн сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвүүдээс гадна үр хүүхдээ үлгэрлэн хүмүүжүүлэх нэр төр, ёс зүй, зан харилцааны соёл эзэмшүүлэх, төлөвшүүлэх асуудалд эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч, удирдлага, ажилтан албан хаагчид анхаарлаа хандуулж, хамтран ажилладаг болсон” гэв.
Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тус аяны хүрээнд боловсролын байгууллагууд хүүхэд хүмүүжлийн бодлого, хөтөлбөр, арга зүйн сайн туршлагуудаа түгээн дэлгэрүүлж, Монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн гарын авлага, хөтөлбөр боловсруулах зорилго зорилттой Монгол хүүхдийн хүмүүжлийн тухай гарын авлагыг хэвлүүлсэн байна. “Монгол хүн” хүмүүжлийн аянд нийт 31 ерөнхий боловсролын сургууль, 42 цэцэрлэгийн төлөөллүүд тэргүүн туршлагаа танилцуулж ,шилдэг 5 ерөнхий боловсролын сургууль, 5 цэцэрлэгийг шалгаруулж нийт 20 сая төгрөгөөр шагнав.