Сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалт, нөөцлөлт, үйлдвэрлэлийн үйл явцын талаар өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар, Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа, инженер Ж.Батбилэг нар мэдээлэл хийлээ.
“ Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Өндөржүүлсэн бэлэн байдлын горимд үйлдвэр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэр есөн шугамаар өдөрт 2400-2500 тонн түлш үйлдвэрлэж байгаа. Түлшний түүхий эд болон бусад шаардлагатай материалуудын хүрэлцээ хангалттай бий. Улаанбаатар хотын гэр хорооллынхны сайжруулсан түлшний хэрэгцээ нь өдөрт 1700-2100 тонн гэсэн бодит тооцоо судалгаа байдаг. Бид энэ хэрэгцээнээс давсан хэрэглээг үйлдвэрлэж байна. Оройн цагаар зарим цэгүүдэд түлш тасрах, хоромдол үүсч байгаатай холбогдуулан 24 цагаар ажиллах 50 борлуулалтын цэг нэмж ажиллуулахаар бэлтгэл ажлыг хийж дуусгалаа. Түлшний хангалт болон нөөцлөлтийн хувьд хүндрэл байхгүй” гэлээ.
Улаанбаатар хотод 430-аад борлуулалтын цэг ажиллаж байна. Эндээс 200 цэг нь өөрсдөө савлагаагаа хийдэг. Энэхүү цэгүүд дээр дундын 10 баазыг оруулаад, нийтдээ 3000 орчим иргэд түлшийг савлах ажлыг хийж гүйцэтгэж байна. Үйлдвэрт 1500 орчим хүн ажилладаг. Шинэ ажил эхлэхэд хүндрэл мэдээж тулгардаг. Энэ бүхнийг бид даван туулах ёстой. Үйлдвэрлэлийн хүчин чадал хүрэлцээтэй байгаа. Ард иргэдийг түлшний хомсдолд орж болзошгүй гэсэн янз бүрийн мэдээ мэдээллийн дагуу ихээр нь авч нөөцлөх гэж зохиомол хомсдол үүсгэх шаардлагагүй гэдгийг онцлон хэлмээр байна. Бид тулгамдсан асуудлуудаа тухай бүрт нь шийдээд явж байна. Үйлдвэрлэлийн хүчин чадалд эргэлзэхгүй байж болно хэмээн хэвлэлийн хурлын үеэр онцолж байв.