Монгол Улсад сүүний кластер байгуулах чиглэлд хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөдөө аж ахуй, хүнсний яам хоорондын Хэлэлцээрийг 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Минск хотноо байгуулав.
Хэлэлцээрт Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Жамбалцэрэн Беларусийн талаас тус улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайд Анатолий Хотько нар тус тус гарын үсэг зурсан юм.
Сүүлийн жилүүдэд манай улсын малын тоо толгой өсөн нэмэгдэхийн зэрэгцээ бэлчээрийн даац хэтрэх цаашлаад газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд ургацын гарцад нөлөөлөх, хөрсний үржил шим алдагдаж доройтох зэрэг сөрөг үр дагаврууд үүсч байгаа юм.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас 2018 онд газар тариалангийн бүс нутгаа тодорхойлж, түүнийг түшиглэсэн эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж нэгж малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэх бодлого, зорилго тавин ажиллаж 2019 оны 1 дүгээр сард “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын Экспортын зээлийн хөрөнгөөр Монгол Улсад 600 толгой үнээ бүхий хэд хэдэн сүүний кластер байгуулах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж,хоёр талаас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм.