Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газарт гомдол санал гаргадаг иргэдийн олонх нь өөрсдийн оршин суугаа байршилд баригдаж буй барилгууд нь зөвшөөрөлтэй, эсэхийг лавлахаар ханддаг байна. Тиймээс иргэдэд мэдээллийг түргэн шуурхай хүргэх зорилгоор байгууллагын албан ёсны сайтаа өргөжүүлж цахимаар мэдээлэл авах боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Энэ талаар нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын Мэдээллийн хэлтсийн дарга А.Амарсанаа болон тус газрын Хэвлэл мэдээлэл, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхтуул нар өчигдөр /2019.12.12/ мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын Мэдээллийн хэлтсийн дарга А.Амарсанаа “Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас сайтынхаа мэдээллийн санг шинэчилж, иргэдэд цахимаар мэдээлэл авах боломжийг нь хангаж өгөхөөр зорьж байна.Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль болон бусад дүрэм журмын дагуу тус газраас барилгын зөвшөөрөл олгосон 1946 барилга байгууламжийн мэдээллийг www.uda.ub.gov.mn/building/цахим хуудаснаас авах боломжтой.Энэ жил Засгийн газрын 326 дугаар тогтоолоор гудамж, зам талбай үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах журмыг шинэчлэн гаргасан бөгөөд нийт 3643 иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээд байна. Мөн 502 нэгж талбарын 650 га талбай бүхий шугам сүлжээний зургийг шинэчилсэн. Иргэд манай байгууллагын цахим хуудсанд хандсанаар тухайн барилгатай холбоотой бүх төрлийн мэдээллийг авах боломжтой” хэмээн онцолсон юм. Мөн 2020 оноос эхлэн барилга барих хүсэлтийг цахимаар авах боломж бүрдэж байгаа аж.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс