Улсын хэмжээн дэх ерөнхий боловсролын 802 сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх сургалт, сурталчилгааны арга хэмжээг Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Үндэсний батлан хамгаалахын их сургууль хамтран шинэ оны босгон дээр буюу 2019 оны 12 дугаар сарын 16-аас эхлүүллээ.
Эхний ээлжинд нийслэлийн дүүргүүдийн 109 сургуулийн сурагчдад Монгол Улс, монгол цэргийн түүх, дайчин уламжлалын хүрээнд эртний монгол цэргийн түүхээс өнөө үеийн Монгол Улсын зэвсэгт хүчний үүсэл, хөгжил, энхийг дэмжих ажиллагаан дахь зэвсэгт хүчний оролцоо, гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлын талаар түүхэн баримт, мэдээллийг багтаасан 60 минутын лекцийг энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай зэвсэгт хүчний 180 гаруй офицер, ахлагч нар тодорхой бүлгүүдэд хуваагдан уншиж байгаа юм.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны хамтарсан тушаалаар баталсан юм.
Холбогдох сайд нарын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулах, улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх үзэл төлөвшүүлэх, эх орноороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах учир холбогдлыг ухааруулан таниулах зорилготой “Эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх сургалт, сурталчилгааны арга хэмжээ”-г орон даяар зохион байгуулж буй нь энэ юм.
Лекцийг цаашлаад Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулдаг төрийн өмчит болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, техникийн коллежуудад зохион байгуулахаар төлөвлөж байна.