“Дэлхийн мисс-2019” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс М.Цэвэлмаа “Зорилго бүхий гоо сайхан” номинацийн топ 10-т шалгаран Монгол Улсын амжилтыг шинэчлэн тогтоосон билээ.
Тэрбээр 130 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөн Head to Head Challenge (Group-4) ялагч, Мультимедиа санал асуулгаар топ 3, Авьяас номинаци топ 6-д багтсан бөгөөд монголын язгуур урлагийн гурван том төлөөлөл болох морин хуур, хөөмий, бие биелгээг дэлхийн тайзан дээр толилуулан, зан заншил, өв соёлоо сурталчилсан юм.
Дэлхийн Мисс тэмцээний финалын шалгаруулалтын нээлт түүний танилцуулга видеогоор эхэлжээ.
Тэрбээр Монгол Улсын нас баралтын тэргүүлэх шалтгаан болох элэгний өвчлөлийн бууруулахад чиглэсэн “Эрүүл Монгол-Эрүүл Дэлхий” төслийг хэрэгжүүлсэн бөгөөд төсөл нь Зорилго бүхий гоо сайхан номинацийн топ 10-т шалгарснаар “Дэлхийн мисс”-ийн санхүүжилтээр эх орондоо хэрэгжих боломжтой болоод байна.
Мисс М.Цэвэлмаа элэгний өвчлөлийн эсрэг, сургалт сурталчилгаа зохион байгуулахын зэрэгцээ 486 хүнийг тус өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын аянд хамруулан, элэг шилжүүлэн суулгах нэн шаардлагатай 17 настай охиныг хагалгаанд оруулж, хагалгааны дараах зардлыг хандивын аян өрнүүлэн олжээ.