Б.Одончимэг: Эмэгтэй хүн эрх чөлөөтэй байхын тулд бусдаас зөвшөөрөл гуйх ёсгүй

“Донна филмь”-ийн анхны уран бүтээл болох “Солонго үүл” кино энэ сарын 27-ноос бүх кино театраар гарч эхлэх гэж байна. Харин албан ёсны нээлтийн үйл ажиллагаагаа 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хийх аж. Киноны ерөнхий продюсер МУСТА Б.Одончимэгээс уран бүтээлийнх нь талаар тодрууллаа.

“Солонго үүл” кино таны продюсерээр нь ажилласан анхны уран бүтээл гэдгээрээ онцлог. Дүр бүтээх, кино хийх адилгүй байх. Бие дааж хийсэн анхны уран бүтээлээрээ юу өгүүлэхийг зорив?
-Эмэгтэй хүн эрх чөлөөтэй байхын тулд бусдаас зөвшөөрөл гуйх ёсгүй гэдэг санаагаар киногоо хийсэн. Өөрөөр хэлбэл эрх чөлөө, аз жаргалаа эрэлхийлж буй хүчирхэг бүсгүйчүүдийн амьдралыг хоёр бүсгүйгээр төлөөлж харуулсан юм.

Кино зохиолч болон найруулагчаар Oi entertainment-ийн найруулагч Р.Эрхэмбүрэн ажилласан. “Солонго үүл” кино тус энтертайнментийн долоо дахь уран бүтээл боллоо.

Харин манай продакшн болон миний бие дааж хийсэн анхны уран бүтээл юм. Мэдээж дүр бүтээх кино хийх хоёр асар их ялгаатай. Маркетинг, сурталчилгаа, зураг, зурагт самбар гэх мэт бүх зүйлийг хариуцаж, хийнэ гэдэг амаргүй байдгийг ойлголоо.

-Бие дааж уран бүтээл хийх, өөрийн гэсэн байгууллагатай болох санаа хэзээнээс төрсөн бэ? 
-Өмнө нь “чамд зориулсан дүр, үүнд тоглооч” гэх саналыг л хүлээж авдаг байлаа. Тэгээд “би өөрөө кино хийж яагаад болохгүй гэж” хэмээн бодогддог болсон. Анх “Солонго үүл” киноны зохиолыг уншаад хамтарч уран бүтээл хийхээр зориг шулуудсан.

Үндсэндээ өнгөрсөн дөрөвдүгээр сараас киноныхон бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Анх кино хийхдээ film байгуулна гэж бодоогүй. Гэтэл зураг авалт хийсний дараа хүмүүс уран бүтээлийн багтаа ямар нэр өгөх гэж байна гэж их асуусан.

Тиймээс Donna film гэх нэрийг Oi entertainment-ийн хамт олонтой ярилцаж байгаад өгсөн юм. Фантастик продакш-ны найруулагч Б.Тамир болон манай найзууд намайг Донна гэж дууддаг байсан. 

-Дүрийн сонгон шалгаруулалтыг хэрхэн хийсэн бэ. Гол дүрд МУСТА Г.Нарансолонго тоглосон байна? 
-“Солонго үүл” кино Г.Нарансолонго эгчийн тоглосон анхны драм төрлийн кино. Энэ төрлийн дүрийг чадварлаг бүтээж чадах жүжигчин хэдий ч яг ийм жанрын уран бүтээлд тоглож байгаагүй болохоор илүү шинэлэг, сонирхолтой санагдсан. Тиймээс гол дүрийн жүжигчнээрээ сонгосон юм.

Мөн манай кинонд МУСТА С.Болд-Эрдэнэ, А.Баттүшиг, М.Тогтохжаргал, Т.Нямдорж, Т.Бадамжав зэрэг олон чадварлаг жүжигчид тоглосон. Түүнчлэн ОХУ-ын Эрхүү хотын залуучууд, театрын жүжигчид хамтарч ажилласан. 

О.Даваасүрэн
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …