Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хүүхдийн ордонтой хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Харшийн сүлд модны наадам” өнөөдөр боллоо.
Энэ жил тус наадамд зорилтот бүлгийн 500 гаруй хүүхэд оролцож, Нийслэлийн Засаг даргын гарын бэлгийг ирсэн бүх хүүхдүүдэд гардуулан, нэг өдрийг хүүхэд багачуудын дуу хуур, баяр хөөр, гэнэтийн бэлгүүдээр дүүрэн өнгөрүүллээ. Харшийн сүлд модны наадмын нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Монголын Хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа болон бусад холбогдох албаны хүмүүс, хүүхэд багачууд оролцов.
Харшийн сүлд модны наадмыг нээж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Сурлага хөдөлмөрөөрөө манлайлж, авьяас билгээрээ тэргүүлэн, анги хамт олон, сургуулийн хүүхэд багачуудаа үлгэрлэн дагуулдаг хүүхэд бүрийн зорин ирэх дуртай “Харшийн шинэ жил”-ийн баярт хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хүүхэд багачууд та бүхэндээ чин сэтгэлийн угаас халуун баяр хүргэе.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр улс орны хойч ирээдүй болсон хүүхэд багачуудаа урамшуулах, тэднийхээ авьяас билэг, сурлага хөдөлмөрийг дэмжих зорилгоор энэхүү арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж ирсэн. Ирээдүйдээ та бүхэн эх орноо жолоодож, эрдэм авьяасаараа дэлхийд гайхагдаж, улсынхаа нийслэл Улаанбаатар хотоо хөгжүүлж, ур ухаан, оюун бодлоо чилээн, олон түмнийхээ итгэлийг даасан манлайлагч, хөдөлмөрч хүмүүс болно гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.
Харшийн сүлд модны наадамд Монголын Хүүхдийн ордны драм, бүжиг, дуулаачийн дугуйлангийн хүүхдүүд оролцож, урлагийн номер, жүжигчилсэн тоглолтыг үзүүлэн, хүүхэд багачуудад толилууллаа. Тоглолтын үеэр үлгэрийн баатрууд амилж, өвлийн өвгөн, цасан охидтойгоо зочилж, хүүхэд багачуудад баяр хөөрөөр дүүрэн байв.
Харшийн сүлд модны наадмыг анх 1958 онд зохион байгуулж байжээ. Өнөөдрийг хүртэл 61 жил тасралтгүй хүүхэд багачуудынхаа өмнө тоглогдсоор байгаа нь энэ баярын үнэ цэнийг тодотгож байгаа аж.