Гурван хүнд цэргийн дээд цол олгоно

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 29-нд Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар нарт генерал цол олгох зарлигт өчигдөр (2019.12.27) гарын үсэг зуржээ.
Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл нь 1952 онд Улаанбаатар хотод төрсөн. Орос гуравдугаар сургууль төгсөж, ОХУ-д Улсыг аюулаас хамгаалахын дээд сургууль, Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийг дүүргэсэн. Тэрбээр НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга, БНСУ-д суугаа Монгол Улсын бүрэн эрхт Элчин сайдаар тус тус ажиллаж байв.
Д.Гэрэл өмнө нь ТЕГ-ын даргаар 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд томилогдож, 2013 оны тавдугаар сарын 18-ныг хүртэл ажиллаж байсан. Өдгөө ТЕГ-ын даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж буй юм.
С.Баатаржав нь Цагдан сэргийлэх дээд сургууль, ОХУ-ын Дотоод явдлын яамны удирдлагын академи төгссөн. Эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. Төв аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч, Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэст Хөтөл тосгон дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга, Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт Эрүүгийн ажил эрхэлсэн дэд даргаар ажиллаж байсан. Улмаар ЦЕГ-ын дарга, Хууль сахиулахын их сургуулийн захирлаар ажиллаж байв. Түүнийг цагдаагийн байгууллагын ажлыг шинэ шатанд гаргахад ихээхэн хувь нэмрээ оруулсан хэмээн үзжээ.
Хурандаа М.Энх-Амар нь 2009 оноос хойш Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Тэрбээр Сүхбаатар аймагт 1966 онд төрсөн. МУБИС-ийг Шугам зургийн багш мэргэжлээр төгссөн бөгөөд Сэлэнгэ аймагт багшилж байжээ. Тухайн үедээ өнөөгийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой танилцаж, өдийг хүртэл нөхөрлөж яваа гэх яриа бий.
ЕТГ-ын дарга З.Энхболдын хоёр удаагийн сонгуульд ерөнхий менежерээр нь ажиллаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүхийн зөвлөхөөр, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн аймаг, дүүргийн АН-ын хорооны даргаар ажиллаж, Баянгол дүүрэгт сонгуульд нэр дэвшиж байсан юм.


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …