Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2020 онд “Соёлын довтолгоо-2” төсөл, “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлж байна. Аяны хүрээнд Монгол орны 21 аймаг, Нийслэл хотын 9 дүүрэгт тодорхой хуваариудын дагуу дээрх үйл ажиллагааг зохион байгуулна.
Монголын эмэгтэйчүүдийн байгууллага 20-р зуунд Монгол улсад соёлын довтолгоо өрнүүлэн, ахуйд соёлын хувьсгал хийж, бүх нийтийг бичиг үсэгт сургах, хүн амыг эрүүлжүүлэх, соёлжуулах, боловсруулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн бол 21-р зуун, нийгэм цаг үеийн шилжилтийн энэхүү он жилүүдэд, дэлхийн хөгжил, хувьсан өөрчлөгдөж буй шинэ эринд дасан зохицох чадвартай, үндэсний өв соёл, уламжлал ёс жудгаа хадгалж хамгаалах, соёлч боловсон, боловсрол мэдлэгтэй, мэдлэгээ ашиглан баялаг бүтээж хэрэглэж чаддаг, хүмүүнлэг энэрэнгүй шинэ үеийн залуусыг бэлтгэхэд зорьж байна.
Иймд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архи, мансууруулах бодисын нөлөөллөөс залуу үеэ хамгаалах, технологийн дэвшилд суурилсан мэдээллийг зөв шуурхай, хүртээмжтэйгээр хүлээн авч, зөв хэрэглэж заншсан, хөрвөх чадвартай монгол иргэдийг бэлдэхэд ээжүүд, аавууд, найзууд, бүгд нэг зорилготой хамтран ажиллахыг уриалж байгаа юм.
Тус зорилгод үүрэгжин нэгдсэн Монголын нийгэмд зөв үлгэрлэл үзүүлж чадахуйц, салбар салбарын манлайлагч залуусыг МЭХ “СОЁЛЫГ ТҮГЭЭГЧ”-ээр батламжлан энэхүү төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Төслийн нээлт Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийн хөдөө орон нутгийн анхны томилолтоор өчигдөр эхэлсэн. Эрдэнэт хотоос эхэлсэн тус аян 1-р сарын 9-нд Хөвсгөл, 10-нд Завхан, 23-нд Хэнтий, 24-нд Дорнод, 25-нд Сүхбаатар аймгуудад үргэлжилнэ.
“Хандлагаа өөрчилж-Хамтдаа хөгжицгөөе” уриатай “Соёлын довтолгоо-2” төсөл, “Соёлыг түгээе” аянд та ч бас нэгдээрэй.