Монгол улсын ууган эмнэлэг Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь 1981 оноос эхлэн эрхэлсэн ажил мэргэжилдээ амжилт үзүүлж, эрүүл мэндийн салбарт онцгой ач холбогдол бүхий гавъяа байгуулсан эрхэм хүндтэй ажилтныхаа алдрыг, хийж бүтээсэн үйлстэй нь “ХҮНДЭТ ДЭВТЭР”-т алдаршуулан тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд өдгөө 23 эрхэм хүний алдрыг мөнхлөөд буй.
Тэгвэл “Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг”-ийг Монголын Эрүүл мэндийн салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргасан хичээл зүтгэл, шинэ технологи нутагшуулсныг нь өндрөөр үнэлэн Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн “ХҮНДЭТ ДЭВТЭР”-т нэрийг бичиж мөнхлөн №24 тоот гэрчилгээ олгосон үйл явдал боллоо.
Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захирлын тушаалаар 2006 онд Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг байгуулагдан орчин үеийн анагаах ухааны шинэ технологи болох Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлэн 200 гаруй мэс засал хийжээ.
200 дахь эмчилгээ үйлчилгээг/мэс засал/ шинэ оны өмнө амжилттай хийсэн тус хамт олон өөр өөрийн салбарын манлайлагчид бөгөөд багийн гишүүн 23 хүний нэрийг “ХҮНДЭТ ДЭВТЭР”-т мөнхлөн, батламжийг гардуулжээ.