Авлигатай тэмцэх газар нь “Залуус өөрчлөлтийн төлөө” ТББ, “Хуулийн хөтөч” клубтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд илтгэх ур чадварын нээлттэй тэмцээн зарлалаа.
“NEW GENERATION-NO CORRUPTION” илтгэх ур чадварын нээлттэй тэмцээнийг хүүхдүүд шударга ёсны тухай өөрсдийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, нийгэмд буй шударга бус байдлын эсрэг дуу хоолойгоо олон нийтэд хүргэх үйл ажиллагааг дэмжих зорилгын дор 2020 оны салхийг хагалж ийнхүү зарлав.
Тэмцээн гурван үе шаттай үргэлжилнэ. Оролцогчид нь “Шударга нийгэмд миний оролцоо” сэдвээр 4 минутад багтаан илтгэлээ танилцуулах бөгөөд шилдэг 90 илтгэгчийг ирэх сарын эхээр шалгаруулах юм байна.
Шалгарсан 90 илтгэгчийг Авлигатай тэмцэх газраас зохион байгуулах сургалтад хамруулсны дараа “Шударга ёс хөгжлийн үндэс” сэдэвт дараагийн шатанд өрсөлдүүлнэ. Илтгэх ур чадварын нээлттэй тэмцээний III шатанд шилдгийн шилдэг 9 илтгэгчийг шалгаруулан, “Шинэ үе шударга ирээдүйг бүтээнэ” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, аваргыг тодруулах ажээ. Уг тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 85880232 дугаарын утсаар тодруулан авах боломжтой.