Монголчуудын XX зууны шилдэг бүтээн байгуулалт болох уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойд зориулан “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монгол тулга” кино сантай хамтран “Эрдэнэсийн өв” нэртэй бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээжээ.
“Эрдэнэсийн өв” бүрэн хэмжээний уран сайхны кино нь Эрдэнэт үйлдвэрийн тухай өгүүлэх дэлгэцийн гурав дахь бүтээл юм. Эрдэнэтийн бүтээн байгуулалтын тухай “Эхлэл” нэртэй анхны киног МУСТА, найруулагч Ж.Сэлэнгэсүрэн найруулж байсан бол дараагийн “Дурсамж төгсгөлгүй” уран сайхны киног“Фантастик” продакшны найруулагч Р.Батсайхан найруулан, үзэгчдийн хүртээл болгож байсан билээ.
Тэгвэл “Эрдэнэсийн өв” киноны зохиолыг зохиолч, яруу найрагч Р.Мөнхтариа бичиж, ерөнхий найруулагчаар Л.Баттулга, зураачаар Б.Батбилэг нар ажилласан бол гол дүрд МУГЖ Ж.Оюундарь, СТА, жүжигчин С.Болд-Эрдэнэ, МУГЖ С.Дамдин, МУГЖ Д.Гүрсэд, МУГЖ Б.Тунгалаг нарын уран бүтээлчид тогложээ.
Сонирхуулахад тус кинонд 18 жилийн өмнө үзэгчдийн хүртээл болсон “Жинжиймаа” кинонд Хонгорзул охины бага насны дүрд таван настайдаа тоглож байсан П.Оюун-Эрдэнэ тоглосон байна.