Шинэ төрлийн коронавирүс “2019 nCoV”-ийн өвчлөл нэмэгдэж, дэлхий хэд хэдэн оронд өвчлөлийн тохиолдол бүртгэгдэн, өвчний мэдээлэл тогтмол шинэчлэгдэж байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас орон нутаг, хилийн боомтууд дахь мэргэжлийн хяналтын газар, албад, аймаг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын албан тушаалтнуудыг хамруулан гурав дахь удаагийн цахим сургалтыг ХӨСҮТ, ЗӨСҮТ-тэй зохион байгууллаа.
БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод шалтгаан тодорхойгүй уушигны хатгалгаа өвчний тохиолдол бүртгэгдэж, ДЭМБ-д 01.05-ны өдөр мэдээлсний дагуу 01.06-ны өдөр МХЕГ, ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ хамтарсан эрсдэлийн үнэлгээ хийж, холбогдох арга хэмжээг авч эхэлсэн.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас БНХАУ-тай хиллэдэг 13 боомт, Буянт-Ухаа боомтод хяналтыг чангатган голомттой бүс, нутгаас ирсэн зорчигчдоос эрүүл мэндийн асуумж авах, биеийн халууныг хэмжих, боомт дахь түр тусгаарлах өрөөний бэлэн байдлыг хангах, хувийн хамгаалах хэрэгсэл, амны хаалт, халдваргүйжүүлэлтийн бодисын нөөцийг бүрдүүлэх, амьтны /далайн/ гаралтай бүтээгдэхүүний импортын хяналтыг чангатгах, зорчигчдод сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх зэрэг үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна.
Мөн хил дээр ажилладаг бусад байгууллага, Чингис Хаан ОУНБ, 11 авиа компанид урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлж, сургалт зохион байгуулаад байна.
2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар:
Голомттой бүсээс 2020 оны 01 сарын 07-ны өдрөөс 01 сарын 23-ны хооронд 75 агаарын хөлгийн 10282 зорчигчоос эрүүл мэндийн тодорхойлолт хурааж тандалт судалгаа хийсэн. Үүнээс зөвлөгөө өгч хил нэвтрүүлсэн 97, тусгаарласан 23, мэргэжлийн байгууллагад шилжүүлсэн 4 тохиолдол байна.
2020.01.22-ны өдрийн Бээжин-Улаанбаатар-Москвагийн чиглэлийн 3 дугаар галт тэрэгт Эрээний Гаалийн газраас хяналт хийж сэжигтэй 2, 11 хавьтлыг тусгаарласан мэдээллийн дагуу уг галт тэргэнд Замын-Үүд боомт дахь ХМХА-наас хяналт хийж, халууны болон ямар нэгэн шинж тэмдэггүй тул Улаанбаатарт буух 15 Монгол, 3 тайланд 1 Итали иргэний мэдээг ирүүлсэн. Галт тэргийг 16:50 минутад Улаанбаатарт буух үед Төмөр замын хяналтын алба, ХӨСҮТ-тэй хамтран хяналт хийж, үзлэг хийн, БНХАУ-ын 1 сэжигтэй иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, бусад иргэдийг ажиглалтад авсан байна.
2020.01.23-ны өдөр БНХАУ-аас ирсэн 19 иргэнтэй автобусанд Замын-Үүд боомт дахь ХМХА-наас хяналт хийж, Шилийн гол аймгаас ирсэн 2 сэжигтэй өвчтөнийг тусгаарлан, БНХАУ-руу буцаах арга хэмжээг авсан.
Өвчний үүсгэгчийг ДЭМБ-аас 01 сарын 10-ны өдөр коронавирүсийн шинэ халдвар гэж албан ёсоор зарлаж, 01 сарын 23-ны байдлаар БНХАУ-д 449 хүн өвчилж, 9 хүн нас барсан, Тайваньд 1, Тайландын Вант Улсад 4, АНУ, Япон, БНСУ-д тус тус нэг тохиолдол зөөвөрлөгдөж, 16 эрүүл мэндийн ажилтан өвчилсөн байна /ДЭМБ болон ЭМЯ-ны 01 сарын 23-ны өдрийн 12 цагийн мэдээ/. ДЭМБ-ын Онцгой байдлын хороо хуралдаж, БНХАУ-д бүртгэгдсэн шинэ Коронавирусийн халдварын талаар ярилцсан бөгөөд “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” мөн эсэхийг зарлахаа ээлжит хурлаар шийдвэрлэхээ мэдэгдсэн.
2020.01.21-ний өдөр ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ-тэй хамтран хоёр дахь эрсдэлийн үнэлгээг хийж, эрсдэлийн үнэлгээний дүнгээр “дунд” гарсан нь бүх шатны байгууллагуудын бэлэн байдлыг хангах үүрэг, зөвлөмж өгөгдсөний дагуу хүний нөөц, хамгаалах хувцас, ариутгал халдваргүйтгэлийн бодис, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангуулж ажиллаж байна.
ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ болон ДЭМБ-ын албан ёсны мэдээ, сэрэмжлүүлэг, гарын авлага, зөвлөмжийг хилийн боомт, аймгуудад шуурхай хүргүүлж, зөвлөмж өгч удирдлага, арга зүйгээр тогтмол хангаж байна.
Эх сурвалж: МХЕГ