ЭМЯ-наас коронавирусийн халдвараас сэргийлэх чиглэлээр хийж буй ажил, цаг үeийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Шинэ коронавирусийн халдвар өдөр бүр нэмэгдэж байна. Олон улсын эрдэмтэд судалгаа шинжилгээгээ эрчимжүүлж, шинэ дүгнэлт, мэдээллүүд гаргаж байна.
Судалгаагаар халдвар авсан хүн дунджаар 5-6 хүнд тараах магадлалтай гэж гарсан. Түүнчлэн өвчний нууц үе буюу 2-14 хоногт ямар нэгэн шинж тэмдэггүйгээр халдвар тараах магадлалтай гэж үзсэн. ДЭМБ-ын Ерөнхий захирал хэлэхдээ “Энэ бол зөвхөн мөсөн уулын орой байж магадгүй, цаашдаа шинэ коронавирусийн халдвар тахлын хэмжээнд хүрэх өндөр эрсдэлтэй байна” гэж анхааруулсан. Дэлхийн улс оронд амны хаалт буюу маскийн асуудал үүсэж байна. Ялангуяа Сингапур, Солонгос зэрэг оронд амны хаалт болон хувийн хамгаалах хэрэгслийг ихээр нөөцлөх, ямар нэгэн хэмжээгээр үнэ нэмж худалдаалбал торгууль ногдуулах хууль эрх зүйн актыг гаргасан байна. Маскийн хомсдол үүсэж байгаа энэ үед иргэд өөрсдөө маск хийж, хэрэглэх нь зүйтэй” гэв.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа “ДЭМБ-ын мэдээллээр 2020 оны хоёрдугаар сарын 11-ний 08:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн 43 мянга 99 тохиолдол бүртгэгдэж, нас барсан хүний тоо 1018 боллоо.
БНХАУ-аас өөр улсад 391 тохиолдол бүртгэгдсэнээс ихэнх нь БНХАУ-ын Хубэй мужид аялсан иргэд байсан ч сүүлийн үед Франц, Герман, БНСУ, Малайз, Сингапур, Испани, Тайланд, АНУ болон Веьтнамд БНХАУ-д зорчсон түүхгүй иргэд шинэ коронавирусийн халдвар авч байгаа нь анхаарал татаж байна.
Үүнээс гадна БНХАУ, Япон, Саудын Араб зэрэг улсад шинж тэмдэг илрээгүй хүмүүс шинэ коронавирусийн халдвар авсан нь батлагдсан тохиолдлууд илэрч байна.
Энэ долоо хоногийн гол ажил нь эмнэлгийн халдвар хамгааллын дэглэмийг үнэлэх, зохион байгуулах, 21 аймаг, есөн дүүргийн эрүүл мэндийн ажилчдад тэнхимийн болон онлайн сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулах юм. Мөн ДЭМБ-аас сэхээн амьдруулах чиглэлээр олон улсын яаралтай тусламжийн багийг авчрахаар ярилцаж байна. Энэ долоо хоногт 3000 оношлуур нэмж ирнэ” гэж мэдэгдлээ.
Улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар“Монгол улсын иргэдийг БНХАУ руу дипломат болон эрүүл мэндийн шалтгаанаар явуулахыг зөвшөөрч байгаа. Гэвч иргэд үнэхээр тухайн улсын эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй эсэхээ сайтар бодолцож үзээрэй. Урд хөршийн эмнэлгүүд вирусийн улмаас багагүй ачаалалтай байгааг хэн хүнгүй мэдэж байгаа байх. Тиймээс онц шаардлагатай биш бол тус улсад зорчихгүй байхыг хүсэе. Бид одоогоор 26 боомтоос мэдээллээ авч байгаа. Хамгийн ачаалалтай байгаа нь Замын Үүд болон Буянт Ухаа боомт. Оросод хоёр тохиолдол илэрсэн тул Алтанбулаг боомтоор Оросоос ирж байгаа болон явж байгаа иргэдэд хяналт тавин ажилллаж байна” гэлээ.