Эрүүл мэндийн яамнаас дэлхийн зарим улс оронд тархаад буй шинэ коронавирусийн талаарх нөхцөл байдал болон манай улсад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх ээлжит мэдээллийг хийлээ.
Мэдээллийн эхэнд ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу БНХАУ-д байгаа Монгол Улсын иргэдийг авчрах асуудлыг ГХЯ-нд хариуцуулсан. Тиймээс ЭСЯ, Консулын газруудаар дамжуулан иргэдээ дахин бүртгэлжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 400 орчим монгол иргэн БНХАУ-д байгаа. Гэхдээ энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд, эдгээр иргэд маань өөрөө эх орондоо ирэх хүсэлт гаргавал ЭСЯ, Консулын газруудаар дамжуулаад зохион байгуулалттайгаар авчирна. Үүнтэй холбоотой нарийвчилсан зохион байгуулалтуудыг яг одоо хийж байна.
Мөн өнөөдрийн байдлаар Эрээн болон Хөх хот орчимд эх орондоо буцахаар төлөвлөж байсан, галт тэрэгний тасалбар захиалсан 50 орчим иргэний асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэхээр ажиллаж байна.
Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу БНХАУ-аас ирэх монгол иргэдийг хилээр нэвтэрсэн даруйд 14 хоног тусгаарлах арга хэмжээ авна” гэв.
ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлогын зохицуулалтын газрын дарга Т.Гантогтох “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газраас гарсан тогтоол, шийдвэрийн дагуу ХХААХҮЯ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Хил хааснаар бараа бүтээгдэхүүний импортыг хориглоогүй.
Харин урд хөршид гарсан шувууны ханиадны улмаас өндөг, шувууны мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлтэд түр хязгаарлалт хийгээд байна.
Гол нэрийн бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа тул хомсдол үүсэхгүй. Тиймээс иргэд хүнсээ бөөнөөр нь худалдан авч нөөцлөх шаардлагагүй.
Харин иргэддээ хандан хэлэхэд, та бүхэн өдөр тутамдаа шинэ, шимтэй хүнс, тэр дундаа адууны мах, аарц хэрэглэж дархлаагаа дэмжихийг зөвлөж байна” гэж мэдэгдлээ.
Шинэ коронавирусийн талаар зөвлөгөө, мэдээллийг 24 цагаар өгч буй утсууд:
Эрүүл мэндийн яам-323002
Халдварт өвчин судлалын үндэсний төв-100, 80086829
Зоонозын өвчин судлалын үндэсний төв-70284393
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв-18002000