С.Амарсайхан: Ирэх хавраас Бага тойрууд Нур-Султан хотын нэрэмжит гудамж байгуулах ажлыг эхлүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаевтай уулзлаа.

Элчин сайд Жалгас Адилбаев: Улаанбаатар хотод Нур-Султан хотын нэрэмжит гудамж байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

Элчин сайд Жалгас Адилбаев хүлээн авч уулзсанд нийслэлийн Засаг даргад талархал илэрхийлээд, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахад бэлэн байгаагаа дуулгалаа. Тэрбээр “Өнгөрсөн онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Казахстан улсад айлчлахад улс төрийн болон түүхэн ач холбогдолтой олон хэлэлцээрт гарын үсэг зурагдсан. Энэ бүхнийг ажил хэрэг болгож хэрэгжүүлэхэд бэлэн байна.

Улаанбаатар хотод Нур-Султан хотын нэрэмжит гудамж байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Мөн Улаанбаатар хоттой аялал жуулчлалын чиглэлээр хамтарч харилцан үр ашигтай ажиллах бодолтой байна” гэлээ.

С.Амарсайхан: Казахстаны хот төлөвлөлт, бүтээн байгуулалт, ногоон байгууламж, иргэдийг орон сууцжуулах бодлого эрэг олон асуудал бидний сонирхлыг татаж байгаа

Хотын Захирагч С.Амарсайхан хоёр хот ах дүүгийн харилцаа тогтоох хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал нь хамтын ажиллагаа, худалдаа эдийн засгийг шинэ түвшинд гаргаж чадна гэдэгт итгэлтэй байгаа хэмээгээд “Казахстан улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, худалдаа эдийн засаг, соёл боловсрол зэрэг олон салбарт харилцаа хамтын ажиллагаа өргөжсөөр ирсэн.

Хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд аялал жуулчлалын салбарт түлхүү анхаарч байгааг дэмжиж байна. Казахстан улсын хот төлөвлөлт, бүтээн байгуулалт, ногоон байгууламж, иргэдийг орон сууцжуулах бодлого, түүний хэрэгжилт зэрэг олон асуудал бидний сонирхлыг татаж байгаа. Энэ асуудлаар харилцан туршлага солилцох саналтай байна” гэв.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Нур-Султан хотод айлчилж Улаанбаатар хотод нэрэмжит гудамж байгуулах асуудлаар холбогдох албаныхантай уулзсан байна. Ирэх хавраас Улаанбаатар хотын Бага тойрууд Нур-султан хотын нэрэмжит гудамж байгуулах ажлыг эхлүүлэх гэж буй талаар хотын Захирагч хэллээ.

Талууд 2020 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд хэрхэн ажиллах талаар санал солилцоод аялал жуулчлалын чиглэлээр хоёр хот хамтарч ажиллахаар боллоо.

 Уулзалтад Казахстан Улсын Элчин сайдын яамны элчин зөвлөх Айдар Абишев болон Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Улаанбаатар хотын ЗАА-ны Хотын тохижилт цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм нар байлцав.

http://credit-n.ru

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …