С.Даваасүрэн: Шахмал түлшний барьцалдуулагч бодис хангалттай бий

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын хэлтсийн дарга О.Энхзаяа, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Амралтын өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага 11 өрхөөс Яаралтай түргэн тусламжийн төвд ирж, гэрээр эмнэлгийн тусламж зөвлөгөө мэдээлэл авчээ.

Агаарын чанарын мэдээллийн хувьд PM10 тоосонцор өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 40 хувиар, PM 2.5 тоосонцор 55 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.

Улсын онцгой комиссын хуралдаанаар Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр, Монгол цэргийн өдөр, Наурызын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргажээ. Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар баар, саун, дэн буудал, жуулчны бааз, сүм хийд зэрэг нийт 2596 АНН байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох тухай мэдэгдэл хүргүүлж, хяналт тавьж ажиллаж байгаа аж.

Коронавирусийн халдвараас сэргийлэх ажлын хүрээнд хоёрдугаар сарын 20-ноос эхлэн нутгийн захиргааны 71 байгууллагын 6705 алба хаагч нийтийн эзэмшлийн гудамж талбайд эргүүлээр ажиллаж байна.

Өнөөдрийг хүртэл 281 мянган иргэнд зөвлөмж танилцуулж ажилласан бөгөөд нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус шүлсээ хаяж, орчныг бохирдуулсан 29 мянган иргэнд анхааруулга өгч, 4662 иргэнд 47 сая төгрөгийн торгууль оногдуулсан талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй мэдээллээ.

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Өнгөрсөн өдрүүдэд 800 тонн түүхий нүүрсийг тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлж торгуулийн арга хэмжээг авч ажилласан. “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшинд өнгөрсөн саруудад лабораторийн шинжилгээ хийхэд стандартын шаардлагыг хангаж байгаа үзүүлэлт гарсан.

Сүүлийн үед шахмал түлшний барьцалдуулагч бодис хомсдолд орсон гэх ташаа мэдээлэл цацагдсан. Өнөөдрийн байдлаар 2200 тонн барьцалдуулагч бодисын нөөц байгаа мэдээлэл байна” хэмээн хэллээ.

Коронавирусийн халдвар БНХАУ-аас гадна 57 улсад бүртгэгдсэн бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд Эквадор, Катар улсуудад шинээр илэрчээ.

Филиппин, Япон, Франц, БНСУ, Иран, Итали улсуудад уг халдвараар хүн нас барсан 87 тохиолдол бүртгэгджээ. Харин Монгол Улсад энэ төрлийн халдвар бүртгэгдээгүй ч дамжин орж ирэх өндөр магадлалтай байгааг ДЭМБ-аас сэрэмжлүүлсээр байна. Өнөөдрийн байдлаар хоёр хүнийг ХӨСҮТ, Сэлэнгэ аймагт 9 хүн гээд нийт 320 хүнийг коронавирусийн халдварын ажиглалтад тусгаарласан талаар НЭМГ-ын хэлтсийн дарга О.Энхзаяа мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг дарга 12 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүд, өрх толгойлсон аав нарын ажлын цагийг нэг цагаар багасгах тухай нийслэлийн Засаг даргын захирамж гаргасан байна. Ингэснээр бага насны хүүхэдтэй эхчүүд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хөл хорио дуусах өдрийг хүртэл ажил тарах цагаас нэг цагийн өмнө гэртээ харих, ар гэр, үр хүүхэддээ илүү анхаарал хандуулах боломж бүрдэж байгаа гэдгийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар онцоллоо.

http://credit-n.ru/offers-zaim/creditplus-online-zaimi.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …