Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр иргэдийг сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэйг “Манба дацан” хийдийн Тэргүүн хамба лам, Монгол Улсын хүний гавъяат эмч Д.Нацагдорж зөвлөлөө.
Тэрбээр “Бид төр засаг, Эрүүл мэндийн яамтайгаа хамтарч Монголын уламжлалт анагаах ухааны эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээг хэрхэн оруулах талаар заавар зөвлөгөөнүүдийг гарган ажиллаж байна. Өвчин зовлон хэлж ирдэггүй хийсч ирдэг учир энэ өвчин хаанаас, хэнээс ч дамжин халдварлах боломжтой. Тиймээс бид нэг нэгнийгээ, ялангуяа өвчилсөн хүнийг хүндлэх хэрэгтэй. Хэн нэгэнд гэм буруу өгөхгүй хоорондоо эвтэй байж бие, хэл, сэтгэлийнхээ үйлийг амраах хэрэгтэй.
Бие сэтгэл хэдий чинээ амар амгалан сайхан байна төдий чинээ сайн зүйлд хүрдэг ертөнцийн жам байгаа. Тийм учраас иргэд өөрсдийн бие хэл сэтгэлийг амар тайван байж хамтран ажиллахыг хүсч байна.
Уламжлалт анагаах ухааны чиглэлээр явбал бидэнд туршлага байна. Өмнө нь бид нар H1N1 дээр маш сайн ажиллаж байсан. ХӨСҮТ-тэй хамтарч ажиллаж байсан түүхэн уламжлалт арга байгаа. Тийм учир уламжлалт анагаах ухаан аль аль шатанд хамтран ажиллана.
Уламжлалт анагаах ухаан, өрнийн анагаах ухаан гэсэн хоёр том салбар Монгол Улсад тодорхой хэмжээнд хөгжсөн нь бидний давуу тал болж байна. Бид хамтран ажилласнаар маш өндөр үр дүнд хүрэх бололцоотой.
Хамгийн чухал зүйл бол бие хэл сэтгэлээ тайван амгалан байлгах юм. Бие хэл сэтгэл тогтворгүй байх үед ердийн өвчин ч тусах магадлал их байдаг” гэлээ