Дэлхий нийтэд тархаж буй шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийг өвчний аюулаас хамгаалах зорилгоор Монгол Улсын төрийн байгууллагуудаас хорио цээрийн дэглэм тогтоож зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
Дээр дурдсан хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын үед иргэд тогтоосон шийдвэрт тусгагдсан хэм хэмжээг сахин биелүүлж, зөрчихгүй байх үүрэгтэй бөгөөд хэрэв зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээнэ. Үүнд:
Зөрчлийн тухай хуулийн 5.13.1-д “Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол иргэнийг 150.000төгрөгөөр, хуулийн этгээдийг 1.500.000 төгрөгөөр торгоно” гэж заасан.
Зөрчлийн тухай хуулийн 5.13.2-т “Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол иргэнийг 100.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1.000.000 төгрөгөөр торгоно” гэж заасан.
Зөрчлийн тухай хуулийн 5.13.3-д “Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор байгуулсан барилга байгууламжийг эвдэж гэмтээсэн, эсхүл зориулалтыг дур мэдэн өөрчилсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж иргэнийг 500.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 5.000.000 төгрөгөөр торгоно” гэж заасан.
Зөрчлийн тухай хуулийн 15.2.1-д “Төрийн албан хаагч, эсхүл улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан; хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн; хийсэн үйл ажиллагаанд нь саад учруулсан, эсхүл хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон бол иргэнийг 50.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 500.000 төгрөгөөр торгоно” гэж заасан.
Зөрчлийн тухай хуулийн 15.2.2-т “Төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан; төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд нь саад учруулсан; төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон бол иргэнийг 250.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 2.500.000 төгрөгөөр торгоно”гэж заасан.
Эрүүгийн тухай хуулийн 13.14.1-д “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 450.000-1.300.000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.
Эрүүгийн тухай хуулийн 15.6. 1-д “Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирусыг бусдад зориуд халдаасан бол 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.