Шинэ төрлийн коронавирус COVID-19-ийн тархалттай холбоотой цахим халдлага, луйвар хийх тохиолдол гарч байгаа талаар АНУ-ын Нууц албанаас дараах мэдэгдлийг гаргажээ.
- “Phishing emails” буюу бодит байгууллага/хувь хүн, эрүүл мэндийн байгууллагаас халдварт өвчинтэй холбоотой мэдээлэл, үйлчилгээ хүргүүлж буй мэтээр вирустэй хавсралт бүхий цахим шуудан илгээх;
- Нийгмийн сүлжээгээр дамжуулан өвчний халдвар авсан болон эрсдэлтэй бүлэгт хамаарч буй хүмүүст туслах хуурамч хандивын аян зохион байгуулж, цугларсан мөнгийг завших;
- Халдварыг эмчлэх, урьдчилан сэргийлэх эм, бэлдмэл, бусад бүтээгдэхүүнийг нийлүүлнэ хэмээн хуурч урьдчилгаа төлбөр, барьцаа авах зэрэг болно.
Иймд иргэд сонор сэрэмжтэй байж, цахим шуудангаар ирсэн аливаа хавсралтыг нээхийн өмнө эх сурвалжийг нягтлах, тухайн мэдээлэл бодит хүн/байгууллагаас ирсэн эсэхийг шалгаж үзэх, цахим хуудасны домэйн хаягийг вэб хөтчид өөрийн гараар шивж оруулж байж тухайн вэб сайтад зочлох, домэйн хаягийн урьд хэсэгт байрладаг SSL(Secure Socket Layer) нь алдаа зааж буй эсэхийг давхар шалгаж байхыг анхааруулжээ.
Эх сурвалж: ГХЯ