Дэлхийн улс орнуудад шинэ коронавирусийн халдвартай тэмцэх чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр тус яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.
Тэрбээр “ДЭМБ-аас коронавирусыг ЦАР ТАХАЛ хэмээн зарласан. Үүнтэй холбоотойгоор болон халдварын нөхцөл байдалтай уялдуулан дэлхийн олон улсууд олон төрлийн хязгаарлалтын арга хэмжээнүүдийг шинээр авах, өмнө нь авч байсан хязгаарлалтын арга хэмжээнүүдээ өргөтгөх байдалтай байна. АНУ-ын нийт 24 муж улсад нь онц байдал зарласан байна. Энэ долоо хоногийн баасан гаригаас эхлээд АНУ-аас Европыг зорих, Европоос ирэх бүх зорчигч дээврийг нэг сарын хугацаатай зогсоох шийдвэрийг Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаанаас гаргажээ.
Европ тивд халдварын тархалт өргөн хүрээтэй голомтлон тархаж байна. Тухайлбал, Италид өнгөрсөн 24 цагийн хугацаанд 189 хүн нас барж, нийт нас баралт 1,016 боллоо. Мөн халдвар авсан хүний тоо 21.7 хувиар өсөж 15,113 болсныг мэдээллээ. Итали улсаас Европ тивд халдвар өргөн хүрээтэй тархаж байгаа тул хязгаарлалтын арга хэмжээгээ өргөжүүлж, Европын ихэнх улсад цэцэрлэг, сургууль, их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод байна. Хязгаарлалтууд нь хэсэгчилсэн байдалтай байсан бол үндэсний хэмжээнд болгохоос гадна, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацаагаа дахин сунгаж байгаа.
Өнөөдрийн байдлаар Европ тивд нийт 13 улс боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүрэн хаасан байна. Зөвхөн боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг зогсоохоос гадна баар, ресторан, үзвэр үйлчилгээний газрууд, спортын үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, зарим улс оронд шүүхийн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авсан байна.
Болгар улсад нэг нас баралт бүртгэгдсэн. Тул улсад халдвар 7-23 болж огцом нэмэгдсэн учраас үндэсний хэмжээний онц байдал зарлахаар Засгийн газар нь парламентдаа асуудал оруулаад байгааг мэдээлсэн. Дэлхийн хэмжээнд 26 улс боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байгаа.” хэмээн ярилаа.