ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү оролцож, зарим иргэдийн COVID-19 халдварын шинжилгээний хариу гарсныг танилцууллаа.Тэрбээр “Өвчтөний ойрын хавьтал болсон 58 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Энэ бол маш чухал мэдээ юм. Энэ дотор кэмпт франц иргэнтэй ойрхон байсан есөн хүний шинжилгээний хариу багтаж байгаа.
Санаа зовоож байсан нэлээн ойрхон байсан, хүмүүсийн хариу энэ 58 хүний шинжилгээн дотор байгаа гэдгийг хэлье. Өнөөдөр Дорноговийн кэмпээс нэмж сорьцууд ирнэ. Энэ ямар учиртай вэ гэхээр тодорхой хэдэн хоногийн дараа тэнд тусгаарласан хүмүүсээс шинжилгээ авъя гэж бид зөвлөлдсөн. Тийм учраас өнөөдөр сорьцууд ирнэ. Үүний хариу бас маш чухал юм.Гуравдугаар сарын 11-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан найман хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. 12-нд ХӨСҮТ-д нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлан тандалт судалгаа, шинжилгээ, эмчийн үзлэг хийж байгаа.
Франц иргэний хавьтал болон бусад үйл ажиллагаа тусдаа явж байгааг тусад нь мэдээлж байна. Өнөөдөр нийт 25 хүнийг ажиглалтад аваад хянаж байгаа. Хяналтад байгаа хүмүүсээс шинжилгээ аваагүй ч гэсэн шинж тэмдэг илэрч байгаа эсэхэд байнга хяналт тавьж байна. Энэ бол маш чухал үзүүлэлт. Гэрээрээ байгаа хүмүүс ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай мэдэгдэх хэрэгтэй гэдэг зөвлөмжийг өгч байна.” гэдгийг хэллээ.