Нийслэлийг мэдээллийг долоо хоногоор тоймловол

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны гуравдугаар сарын 16-наас гуравдугаар  сарын 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.

Хот хоорондын хөдөлгөөнийг нээлээ

Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн тул урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл, аймаг, сумаас гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг Улсын онцгой комиссын шийдвэрээр түр зогсоосон. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр өглөөний 07.00 цагаас эхлэн нийслэлийн найман шалган нэвтрүүлэх товчоодын хот руу орох, гарах хөдөлгөөнийг нээлээ. Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоонд өглөөний 07.00 цагийн байдлаар хотоос гарах хөдөлгөөн ачаалалтай байсан бол хот руу орох хөдөлгөөн ачаалал бага байв. Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын хөдөлгөөнийг түр хязгаарласан хугацаанд шалган нэвтрүүлэх товчоодод болон шороон замуудад Цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн албаны албан хаагчид хяналт тавьж ажилласан бөгөөд энэ хугацаанд ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй байна. Мөн зам хаасан нөхцөлд зам тээврийн осол хэрэг буурсан үзүүлэлттэй байсан талаар нийслэлийн Тээврийн цагдаагийн  газрын албан хаагчид ярьж байлаа. Замын хөдөлгөөнийг түр хязгаарласан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай 10741 иргэн, 4069 тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрсэн байна. 

Хотын дарга Баянзүрх дүүрэгт ажиллав

Хаврын улирал эхэлж гэр, байшингийн гадаад, дотоод агаарын температур ойртож, яндангийн таталт муудан угаартах магадлал ихэсдэг энэ үед Нийслэлийн Засаг дарга “Угаарын хийн хордлогоос сэргийлэх, болзошгүй эрсдлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай” А/346 тоот захирамж гаргасан. Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар болон бусад холбогдох албаны байгууллагууд энэ талаарх мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэж ажиллаж байна.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Баянзүрх дүүрэгт ажиллах үеэрээ өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шалгаж тус дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Баянзүрх дүүргийн 2-р хорооны иргэн Б.Далайцэрэнгийнх “Пийшингээс утаа гараад байна. Ханын пийшингээ хөөлүүлье” гэсэн дуудлагыг “Тавантолгой түлш” ХХК –ийн дуудлагын 70119400 утсанд өгсний дагуу холбогдох мэргэжлийн хүмүүс ирж, пийшинг хөөлөх болон бусад шаардлагатай зөвлөмж, зөвлөгөөг өгч ажиллаж байсан юм. Энэ үеэр Хотын захирагч С.Амарсайхан “Хавар, намрын улиралд угаартах эрсдэл их байдаг учраас нийслэлээс аян өрнүүлж байгаа. Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд маань пийшин, зуухныхаа засвар үйлчилгээг хийж, яндангаа хөөлөн, амь нас, эрүүл мэндээ эрсдэлд учруулахгүй байхад онцгой анхаарч ажиллаасай гэж хүсч байна. Одоо дулаарчихлаа гээд анхаарал болгоомжоо сулруулж огт болохгүй” гэдгийг энэ үеэр гэрийн эзэгтэй Ш.Сайнзаяад онцолж хэлэв.

Амьжиргааны түвшин доогуур өрхөд урьдчилан сэргийлэх багц өгч байна

Шинэ коронавирусийн /Ковид-19/ халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаагаар амьжиргааны түвшин доогуур /0-200 оноотой/ 2500 өрхөд урьдчилан сэргийлэх багц олгож байна. Тэгвэл нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга нарт дүүргийнхээ эмзэг бүлгийн иргэдэд урьдчилан сэргийлэх багцыг дамжуулан өгөхийг хүсч, хүлээлгэн өглөө. Энэ ажил нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд өрнөж байгаа юм. Халдвараас урьдчилан сэргийлэх уг багцад олон удаагийн хэрэглэх амны хаалт таван ширхэг, хоёр ширхэг гарын саван, 10 ширхэг витамин, халдвараас урьдчилан сэргийлэх, амны хаалт хэрэглэхэд анхаарах зөвлөмж зэрэг багтжээ. Дээрх ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс зохион байгуулан ажиллаж байгаа ба хамтран зохион байгуулагчаар нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Нийгмийн халамжийн газар болон дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс багтаж байна. Дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээр дамжуулан өрхүүдэд урьдчилан сэргийлэх багц олгогдож байгаа аж.

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийг шинэчилнэ

Нийслэлийн Засаг даргын “Гэр оронгүй иргэдийн талаар авах арга хэмжээний тухай” А/345 дугаар захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, нийслэлийн Нийгмийн халамжийн газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн хамгааллын тусгай төв хамтран  томоохон худалдааны төв, захууд, авто вокзал, орц хонгил, гудамж талбайд хоноглон, архины хамааралтай орон гэргүй 400 гаруй иргэдийг илрүүлж эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэн, түр байршуулах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Энэ ажлын хүрээнд Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш.Анхмаа тэргүүтэй албаныхан өнөөдөр нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвд ажиллалаа. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд өнөөдрийн байдлаар нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвд 382 иргэнийг байршуулж эрүүл мэндийн үзлэгт хамруулсан бөгөөд үүнээс 154 иргэнийг ар гэрт нь хүлээлгэж өгчээ. Одоогийн байдлаар тус төвд орон гэргүй 145 иргэн түр байршиж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаж 12 төрлийн үйлчилгээг авч байгаа аж. Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш.Анхмаа хэлэхдээ “Дэлхий даяар тархаад буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй ажлуудад нэг ч иргэнийг орхигдуулж болохгүй. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс шаардлагатай байгаа автомашины асуудлыг судалж, яаралтай хариу өгөөрэй. Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу нийгмийн хамгааллын тусгай төвийг шинэчилж өргөтгөх ажлыг эрчимжүүлнэ” гэлээ.

Хотын гудамж талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж эхэллээ

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, мөн цаг агаар энэ долоо хоногоос эрс дулаарч, нэмэх хэмд хүрч байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хотын гудамж талбай, ялангуяа олон нийт ихээр зорчдог барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийхийг холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилт үйлчилгээний нийт 38 компани хамтран өнөөдөр Сүхбаатарын талбайгаас ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг эхлүүллээ. Ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийхэд машин, техник, тоног төхөөрөмж бэлэн эсэхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон бусад холбогдох албаны хүмүүс үзэж шалгалаа. Нийт 180.8 км урттай хатуу асфалтан зам, 9.2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамжуудад тусгай зөвшөөрөл бүхий 38 компанийн 164 ариутгагч, 27 моторт төхөөрөмж, 33 мананцар үүсгэгч машин, 176 автомакс, халдваргүйтгэлийн тусгай зориулалтын гурван машинаар, Хот тохижилтын газрын мананцар үүсгэгч том оврын таван машин техник, “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ын нэг мананцар үүсгэгч машин, “Хан-уул агро” ОНӨААТҮГ-ын ус шүршигч машинаар хотын гудамж талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийх юм байна.

Аж ахуйн нэгж байгууллагууд нийслэлийн 1050 байгууллагуудтай онлайнаар албан бичиг солилцоно

Дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд байгууллага хоорондын албан бичгийг цахимаар солилцдог болсон талаар Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг, “Newsonic” компанийн захирал Д.Анхбаяр, Архивын газрын технологийн газрын дарга Х.Төмөрбаатар нар мэдээлэл хийв. Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг “Бид  нийслэлийн 1100 гаруй байгууллагуудын дотоод албан хөтлөлтийг 2016 оноос  цахимжуулж эхэлсэн.  Энэ хугацаанд 800 мянга гаруй бичгийг хоорондоо солилцжээ. Албан бичгийг 1-2 хоногт, нэг албан бичгийг хүргүүлэх зардал 1500 төгрөг байсан. Харин цахим хэлбэрээр онлайнаар харилцсанаар нийслэлийн албан бичиг хүргэлтийн зардлыг 40-50 хувь бууруулсан. Нийслэлтэй харьцаж байгаа байгууллагууд, аж ахуйн нэгжүүд “Смарт оффис” системийг ашиглаж цахимаар албан бичгээ боловсруулж илгээх, солилцох боломж бүрдэж байна” гэв. “Смарт оффис” системийг ашиглахын тулд аж ахуйн нэгжүүд Тоон гарын үсгийн Гэрчилгээ олгогч байгууллагаас тоон гарын үсгийн гэрчилгээ авсан байх шаардлагатай бөгөөд https://smartoffice.mn эсвэл нийслэлийн http://ulaanbaatar.mn/ цахим хуудасруу хандаж “Албан бичиг” цэсийг сонгон бүртгүүлснээр хандах эрхтэй болно гэдгийг “Newsonic” компанийн захирал Д.Анхбаяр онцолж хэлсэн юм. Энэхүү ажлын хүрээнд аж ахуйн нэгжүүд нь тоон гарын үсгийн Гэрчилгээ олгогч байгуулагаас олгосон Тоон гарын үсгийн е-Токен төхөөрөмжөө ашиглан, “Смарт Оффис” /https://smartoffice.mn/ системээр дамжуулан нийслэл, дүүргийн харьяа байгууллагууд руу болон өөр хоорондоо албан бичиг илгээх, хүлээн авах, хянах боломжтой болж байгаа юм.

Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орлоо 

Шинэ коронавирус /КОВИД-19/-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажлын цагийн хуваарийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 10:00-16:00 цаг болгон өөрчиллөө. Иргэд шинэ коронавирус /КОВИД-19/-ийн халдварт өвчинд өртөхөөс урьдчилан сэргийлж, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв дээр биечлэн ирэхгүйгээр төрийн 14 байгууллагын 95 нэр төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …