Томуу болон томуу төст өвчлөлийн шалтгаанаар сүүлийн жилүүдэд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагааг 2-4 долоон хоногоор түр зогсоох шийдвэрүүд гарч байсан бол энэ оны 01 дүгээр сарын сүүлээр дэлхий нийтийг хамарсан COVID-19 томуугийн цар тахал нь хүн амын эрүүл мэнд төдийгүй эдийн засаг, нийгмийн харилцаанд ноцтой үр дагавар учруулж, ихээхэн хохирол үзүүлж байна.
Иймд БСШУС-ын сайд 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/140 дүгээр тушаалаар “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах арга хэмжээний төлөвлөгөө, удирдамж”-ийг баталлаа.
Цар тахлын улмаас үүсэх аюул гамшгийг хохирол багатай даван гарах, урьдчилан төлөвлөж бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх цогц үйл ажиллагааны чадавхыг бүрдүүлэхэд энэхүү төлөвлөгөө, удирдамж чиглэж байгаа юм.
Сурагчид, бага насны хүүхдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чадварыг эрүүл мэндийн боловсролоор дамжуулан олгохоос гадна эрүүл дадал хэвшил төлөвшүүлэхэд гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчдын дэмжлэг чухал болохыг онцолж байна.
Удирдамж нь 3 хэсгээс бүрдэх бөгөөд сургууль, цэцэрлэгийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хоёр төрлийн хяналтын хуудас, сургууль, цэцэрлэгийн орчныг цэвэрлэх болон халдваргүйжүүлэх зааварчилгааг тусгасан байна.
Цаашид тус яамнаас энэхүү төлөвлөгөө, удирдамжийг хэрэгжүүлэхэд боловсролын байгууллагын багш, удирдах ажилтныг сургах, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: БСШУСЯ