Үүрэн холбооны үндэсний оператор “Мобиком” корпорацитай холбоотой бас нэгэн таагүй мэдээлэл ирлээ. Тус компанийн нэгжийг борлуулдаг толгой диллер хийдэг гэрээт борлуулагчдаа энэ сарын 21-25-ны хооронд гэрээгээ шинэчилэхийг дуулгажээ.
Улмаар “А” диллер гэх эдгээр борлуулагчийг гэрээгээ шинэчлэхээр очтол “Манай компанид толгой диллер гэж байхаа болилоо. Та нар нэгжээ аваад шууд хэрэглэгчдэд худалдвал худалд, үгүй бол гэрээгээ цуцал” гэсэн байна.
Ийнхүү нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй 2000 толгой диллер төдийгүй орон нутгийн толгой диллерүүдээсээ нүүр буруулж буй “Мобиком” корпорацид гомдолтой байгаа тэд ШӨХТГ-т хандаад байгаа юм. Бид тус компанид “А” диллерээр ажиллаж байсан зарим иргэнтэй уулзаж ярилцав.
“Мобиком” компанийн “А” диллер Н.Жаргал:
-Та нар “Мобиком”-оос өөрсдийнхөө мөнгөөр нэгж худалдан авдаг байсан юм байна. Харин хэдэн хувийн ашиг олдог байв?
-Бид “Мобиком” компаниас өөрсдийнхөө мөнгөөр нэгж худалдан авч энэ тэрүүгээр явж гэрээт борлуулагч нарт түгээдэг. Нэг ёсондоо өөрсдийнхөө доор борлуулагчид элсүүлдэг юм. Улмаар бид хоёр, гэрээт борлуулагчид гурван хувийн ашиг олдог. Өнөөдөр бидний хүчинд “Мобиком” компани 10 мянган мобайл диллертэй болсон. Гэтэл өнөөдөр биднийг гэнэт гудамжинд гаргаж байна.
-Ингэхэд та бүхэнд хууль ёсны гэрээ бий юу. Гэрээгээ цуцлах тухайгаа хэзээ мэдэгдсэн бэ?
-“Мобиком” компанийн борлуулалтыг хариуцсан “Нью Тел” компани хоёртой гурвалсан гэрээ байгуулсан. Энэ нь оны эхэнд автоматаар сунгагдаж явсаар өдийг хүрсэн.
Харин энэ жил гэрээ шинэчилж байгуулна гэж биднийг дуудчихаад борлуулагч хийвэл хий, үгүй бол баяртай гэж байгаад үнэхээр харамсалтай байна. Нэг үгээр бол бид гэнэт ажилгүй болж байна гэсэн үг. Гэрээгээ цуцлана гэдгээ 5-6 сарын өмнө мэдэгдсэн бол өөр шүү дээ.
-“А” диллер хийж байгаад ажилгүй болж буй хүмүүс нэгдээд байгаа юм байна. Та нар одоо ямар шаардлага тавьж байгаа вэ?
-“Мобиком” компанид биднийг гэнэт ажилгүй болгох эрх байна уу. Бид зах зээлийн зарчмаар шахагдаад гарч байгаа бол хамаа алга. Тэд шууд гэрээт борлуулагчтай гэрээ байгуулж байгаа аваас давуу нөхцлийг нь танилцуулах хэрэгтэй. Ингэвэл “А” диллерүүд чимээгүйхэн гараад явчихна. Гэхдээ гэрээт борлуулагчдыг бид л сургасан. Тиймээс тэд ч гэсэн бидэнтэй хамтарч ажиллах сонирхолтой байна лээ.
“Мобиком” компанийн “А” диллер Х.Гэрэлмаа
-Та нар “Мобиком” компанийн удирдлагуудтай уулзсан уу?
-Чадаагүй. Бид нэг л зүйл ярих учраас бөөнөөрөө ороод уулзья гэхээр оруулахгүй байна. Дадлагын хүүхэд аятай жаахан охидуудтай л нэг нэгээрээ уулзлаа. Тэд ийм шийдвэр гарсан, энэ дагуу ажиллана. Илүү дутуу юмыг нь мэдэхгүй гэх юм. Тэдний зүгээс зарим “А” диллерүүд ажлаа хийхгүй байна гэх мэдэгдэл хийж байсан. Тэгвэл тэдгээр хүмүүстэйгээ л хариуцлага тооцох хэрэгтэй биз дээ.
-Саяхан “Мобиком” компани хэрэглэгчдээсээ илүү мөнгө авдаг нь тогтоогдсон. Харин та нарт иймэрхүү асуудал гарч байв уу?
-Яг миний хувьд гарсан юм байхгүй. Харин зарим нэг хүний ярьж байгаагаар авсан нэгжээс нь дутлаа, илүү гарлаа гэж байхыг олон сонссон. Одоо гэрээт борлуулагчдаа “10 шинэ дугаар зар. Тэгэхгүй бол гэрээ байгуулахгүй” гэсэн шаардлагыг тавьж байна. Хэдийгээр энэ нь наанаа гэрээт борлуулагчдад дугаар зардаг болж буй мэт сайхан харагдаж байгаа ч цаанаа “Мобиком” өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг шахаж байгаагийн нэг хэлбэр шүү дээ.
-Таны сарын орлого хэд вэ?
-Бид 100 мянган төгрөгөөс 2000, мобайл диллерүүд 3000 төгрөгийн ашиг олдог. Харин үлдэж буй 95 мянган төгрөг нь “Мобиком”-ын ашиг гэж ойлгодог. Миний хувьд доороо 70 мобайл диллертэй сард дунджаар 500-600 мянган төгрөгийн ашиг олдог. Зүгээр суугаад ашиг олчихно гэж байхгүй. Энэ тэндхийн дэлгүүрээр явж тараасан нэгжийнхээ мөнгийг цуглуулж авдаг. Бидний хөдөлмөрийг ингэж ашиглачихаад гэнэт гудамжинд гаргаж байгаад гомдолтой байна.
-Гэрээ цуцлагдснаар гарч болох эрсдэл юу байна?
-Бид 100 хувь өөрсдийнхөө мөнгөөр зээл авах нь авч нэгж бөөндөн аваад жижиглэнгийн худалдаачдад зардаг. Ингэхээр нэгж борлохгүй байх, мөнгөө өгөхгүй байгаа мобайл диллер бас байна. Энэ бүх эрсдэл нь бидний толгой дээр л бууна. “Мобиком”-д ямар ч эрсдэлгүй.
“Мобиком”-ыг энэ сарын 6-нд гарсан зөрчилд нь 10 сая төгрөгний торгууль тавьсан
Эдгээр хүний ярианаас үзэхэд “Мобиком” компани өнөөдрийн амжилтад хүрэхэд чухал нөлөө үзүүлсэн толгой диллер гэх ашиг орлогынх нь гол үндэс болсон 2000 гаруй иргэнийг ажилгүй болгож, шууд мобайл диллерүүдтэй гэрээ байгуулан ажиллахаар болоод байгаа аж. Харин гэнэт ажилгүй боллоо хэмээн гомдол гаргаж буй “А” диллерүүдийн гаргаж буй асуудал болон хэрэглэгчдийн ярианы төлбөр дээр мөнгө нэмж авсан асуудлаар ШӨХТГ-ын Өрсөлдөөний зохицуулалтын хэлтсийн дарга Л.Ган-Өлзийгөөс зарим зүйлийг тодрууллаа.
-“Мобиком” компанийн “А” диллерүүдийн гаргаж буй гомдлын хэрхэн шийдвэрлэх вэ?
-Бид годлын дагуу “Нью Тел” компаниас гэрээт борлуулагч, толгой диллерүүдтэй холбоотой гэрээ материалыг нь авч шалгаж байна. Мөн гомдолтой байгаа толгой диллерүүдтэй ч уулзсан. Энэ байдлаас харахад байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй байхад нэг талаас гэрээг цуцалж байна. Үүнийг нарийвчлан шалгах болно.
-Эцсийн шийдвэр яг хэзээ гарах бол?
-Ирэх долоо хоногт.
-“Мобиком”-ын шалгалт ямар түвшинд явагдаж байна вэ. Хэчнээн хэрэглэгчийн төлбөр хэрэглээнээсээ илүү тооцогдсоныг нь тогтоов уу?
-Манай агентлагийн дэд дарга А.Ариунболдын удирдамжийн дагуу үүрэн холбооны дөрвөн оператор компанид хяналт шалгалтхийж байна. Шалгалт 2013 оны есдүгээр сарын 16-наас 11 дүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ.
Шалгалтын явцад “Мобиком” компанийн дараа төлбөрт дугаар ашигладаг зарим хэрэглэгчдийн утасны төлбөр хэрэглээнээсээ өндөр гардаг байсан нь тогтоогдсон. Үүнтэй холбоотой дээрх асуудлыг хүлээн зөвшөөрсөн, тус компанийн гүйцэтгэх захирал Дэвид Холлидэйн гарын үсэгтэй албан бичиг бидэнд ирсэн байгаа. Харин манай зүгээс “Мобиком” компанид энэ сарын 6-нд гаргасан зөрчилд нь 10 сая төгрөг, гүйцэтгэх захирал Дэвид Холлидэйд 960 мянган төгрөгийн торгууль оноосон.
-Мобиком”-ын зүгээс 2013 оны аравдугаар сарын 6-нд гарсан зөрчлийг өөрсдөө дотоод аудитаар илрүүлсэн. Үүнийг ШӨХТГ өөрсдөө илрүүлсэн юм шиг мэдэгдэл хийсэнд гайхаж байгаа тухайгаа хэлж байсан?
-Манай шалгалт есдүгээр сарын 16-нд эхэлсэн. Шалгалт хийж байх хугацаанд энэ зөрчил илэрсэн нь үнэн. Нөгөө талаасаа манайх төрийн байгууллага.
Бид хэн нь илрүүлсэн бэ, аль нь үнэн худал гэдэг дээр хэвлэлээр хэрүүл хийгээд байх нь утгагүй зүйл. Хэрвээ гомдолтой байгаа бол шүүхэд хандах хэрэгтэй.
Д.Баяржаргал