Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүдэд “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг хүргүүллээ.
МҮЭ-ИЙН ХОЛБООНООС УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ
СОНГУУЛЬД ОРОЛЦОХ УЛС ТӨРИЙН НАМ, ЭВСЛҮҮДЭД
ХҮРГҮҮЛЭХ “ХӨДӨЛМӨРЧДИЙН НИЙГМИЙН ЗАХИАЛГА”
БАРИМТ БИЧИГ
МҮЭ-ийн холбоо нь иргэний нийгмийн томоохон байгууллагын хувьд улс орны нийгэм, эдийн засаг, иргэдийнхээ хөдөлмөр, аж байдлын өнөөгийн нөхцөлийг харгалзан 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүдэд хандаж улс орны тогтвортой хөгжил, зохистой хөдөлмөрийн чиглэлээр МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага аймаг, нийслэл, салбарын 36 үйлдвэрчний эвлэлийн холбоо, үйлдвэрчний эвлэлийн гишүүд, хөдөлмөрийн хүмүүсийн чин хүсэл, санал, шаардлагыг тусган “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг боловсруулан хүргүүлж байна.
“Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” барим бичиг нь ирэх 4 жилд шинээр үүсэн бий болох нийгэм, эдийн засгийн асуудлуудыг тусгасан бөгөөд уг нийгмийн захиалгын баримт бичигт дэвшүүлсэн асуудлуудыг хүлээн авч сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусган засгийн эрх авсан нөхцөлд хэрэгжүүлэхээр тохирсон нам эвсэл, нэр дэвшигчидтэй цаашид хамтран ажиллах яриа хэлэлцээг үргэлжлүүлэн хийх болно.
“Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичигт таван багц 37 асуудлыг тусгасан бөгөөд баримт бичигт туссан зарим асуудлыг дурдвал,
Нэг.Сайн засаглалын хүрээнд
-Засгийн газрын тогтвортой байдлыг хангаж, Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд сонгодог парламентын засаглалын тогтолцоог бэхжүүлэхэд чиглэгдсэн шинэчлэл хийх.
-Хууль, шүүх эрх мэдлийн байгууллагууд төдийгүй нийгмийн бүх түвшинд хуулийн хэрэгжилтийг хангах тогтолцоог бэхжүүлэх.
-Иргэд, хувийн хэвшлийг дэмжсэн төрийн бодлого, зохицуулалтын арга хэмжээг сайжруулахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэх.
Хоёр.Эдийн засгийн тогтвортой хөгжил, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх хүрээнд
-Эдийн засгийн өсөлтийг тогтворжуулж баялгийн хуваарилалтыг иргэн бүрт шударга хуваарилах зарчмыг баримтлан хүртээмжтэйгээр хүргэх.
-Зохистой, тогтвортой ажлын байрыг хөрөнгө оруулалтаар дэмжих бодлого явуулж ажилгүйдлийн түвшинг 2024 онд 5 хувьд хүргэх, бүс нутгийн болон залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтот хөтөлбөрүүдийг ирээдүйн ажил мэргэжилтэй уялдуулан боловсруулж хэрэгжүүлэх
-Бодит цалинг нэмэгдүүлэх, үндэстэн дамнасан компиануудад ажиллаж байгаа монгол, гадаадын ижил ажил мэргэжлийн ажилтнуудын цалингийн ялгааг арилгах.
-Шатахуун болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, ус, цахилгаан дулааны үнийг тогтвортой байлгах, иргэдийн бодит орлогыг хамгаалах.
-Импортоор орж ирж буй технологийн зориулалттай үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн гаалийн татварыг тэглэх хууль эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэх.
-Далд эдийн засгийг ил болгохын тулд татварын зувчуулалтгүй болгох, татварын үр ашигтай бодлого боловсруулж, олон нийтийн оролцоог ханган, хяналтыг сайжруулах.
Гурав.Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг зөрчсөн, стандарт шаардлагыг хангаагүй аж ахуй нэгж, байгууллага, ажил олгогчдод зөрчлийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байх, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зардлыг улсын төсөвт тусган хэрэгжүүлэх.
Дөрөв. Иргэд, хөдөлмөрчдийн нийгмийн хамгааллыг сайжруулах хүрээнд
-Үндэсний баялгийн сангаас тэтгэврийн санг дэмжих хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх.
-Тэтгэвэр, тэтгэмжийг амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан нэмэгдүүлэх, тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжих, өвлүүлэх тогтолцоог бий болгож хэрэгжүүлэх.
-Иргэдийн банкин дахь мөнгөн хадгаламжийн хэмжээг ялгавартай тогтоож, 200 сая болон түүнээс доош хадгаламжаас хүү тооцон авч байгааг хүчингүй болгох.
Тав.Зохистой хөдөлмөрийн төлөөх нийгмийн түншлэлийг хөгжүүлэх хүрээнд
-Монгол Улсын нэгдэн орсон 87, 98, 100, 111, 182, 138, 29, 105 конвенциудын хэрэгжилтийг зохион байгуулах, энэ чиглэлээр нийгмийн түншлэлийн гэрээ, хэлэлцээр бусад механизмуудыг ашиглах, төлөвшүүлэх талаар МҮЭ-үүдийн манлайлал, санаачилга, шаардлагыг дэмжиж, хамтран ажиллах.
-Хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулж, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлэн хариуцлагатай нийгмийн тогтолцоог бүрдүүлэх.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН
ХОЛБОО
Улаанбаатар хот
2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр