Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит мэдээлэл өргөтгөсөн байдлаар явагдлаа. Дэлхий дахинд нөхцөл байдал ямар байгаа талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.
Тэрбээр “Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант улсад халдвар авсан иргэдийн тоо 6,650 болж, нас баралт 335 бүртгэгджээ. Халдварын тархалт улам нэмэгдэж бутай холбоотойгоор тус улсад хөл хорио тогтоох шийдвэр гарсан байна. Үүнтэй холбоотойгоор тус улсын Ерөнхий сайд иргэддээ хандаж “Энэ цар тахлын үед эрүүл мэндийн тогтолцооны хөгжлөөс үл хамааран ямар ч улсын эрүүл мэндийн салбарт амьсгалын аппарат, эрчимт эмчилгээний ор, эмч, сувилагч хангалттай биш байгаа. Иймээс гэрийн хөл хорионд орж байж тархалтыг тогтоон барих зайлшгүй шаардлага гарч байна” гэж мэдэгдсэн.
АНУ-д өнгөрсөн нэг хоногийн хугацаанд Covid19 халдварын улмаас 100 гаруй хүн нас барж, нийт халдварын тоо 43 мянгад хүрлээ. Халдвар эрчимтэй тархаж байгаатай холбоотойгоор олон муж улсын захирагчид оршин суугчдадаа гэрээсээ гарахыг хориглосон шийдвэрийг гаргасаар байгаа юм. Мөн дэлхийн бусад улс, орны адилаар АНУ-д хувийн хамгаалах хэрэгслийн хомсдол үүсэж буй бөгөөд үүнтэй холбоотойгоор хувийн хамгаалах хэрэгслийг нөөцлөхийг хориглосон тушаал, шийдвэрт тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамп гарын үсэг зуржээ. Тус улсад өнгөрсөн долоо хоногоос зарим мужуудад иргэд нь даавуун амны хаалт хэрэглэж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.” гэж мэдээллээ