Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 29-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүхээс Б.Амархүүг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэрэгт буруутгаж хоёр жилийн хорих ял оноосон юм.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд /2019.12.17/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой (Хоёр жилийн хорих ял) Б.Амархүүд холбогдох хэргийг шүүгдэгч Б.Амархүү болон түүний өмгөөлөгчдийн хүсэлтээр хянан хэлэлцсэн байдаг. Улмаар давж заалдах шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Амархүүд оногдуулсан хоёр жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан, Нийслэлийн прокурорын газарт буцаасан байдаг.
Тэгвэл Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Амархүүд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол болон прокурорын эсэргүүцлийн дагуу 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцлээ.
шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.