Ш.Анхмаа: Товчоодод ажиллаж буй албан хаагчдад урамшууллын мөнгө олгож байгаа

Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон холбогдох албаны хүмүүс Чингэлтэй дүүргийн Гүнт дэх хяналтын цэг, “Оргил Налайх” шалган нэвтрүүлэх товчоодод ажиллалаа.

Чингэлтэй дүүргийн Гүнт дэх хяналтын цэгийн тухайд өдөрт зургаан албан хаагч хяналт шалгалт хийж байгаа юм. Уг товчоо Ар гүнт, Өвөр гүнтийн зуслан руу чиглэсэн хөдөлгөөн болон Төв, Орхон, Дархан-Уул аймгаас ирэх зорчигчдын урсгал ихтэй байдаг. Өдөрт дунджаар 3000 гаруй тээврийн хэрэгсэл, 6000 гаруй зорчигч орж, гардаг байна. “Ажиллаж байгаа албан хаагчдыг маск, нүүрний хаалт, дүрэмт хувцас зэрэг хамгаалах хэрэгслээр хангаж ажиллаж байгаа” хэмээн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нийгмийн Эрүүл мэндийн зохицуулагч Г.Эрболд хэллээ.

Энэ үеэр Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Энд ажиллаж буй албан хаагчдын хамгаалах хэрэгсэл, хоол болон урамшууллын мөнгийг тогтмол олгож, товчооны байрны орчин нөхцөлийг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж ажиллах ёстой” гэдгийг анхаарууллаа.      

Дээрх товчоонд ажилласны дараагаар “Оргил, Налайх” шалган нэвтрүүлэх товчоог зорилоо. Налайх дүүргийн ЗЦГ-ын ахлах ахлагч Б.Сүхбат “Өнөөдөр 17 цагийн байдлаар товчоогоор орсон 979, гарсан 1351 тээврийн хэрэгсэл, орсон 3164 зорчигч, гарсан 4455 зорчигч байна. Амралтын өдрүүдэд иргэдийн орох, гарах хөдөлгөөн ихэсдэг. Ялангуяа Тэрэлж рүү гарах хөдөлгөөн ихсэх хандлагатай байдаг. Иргэдийн зүгээс урт дараалал үүсэх үед бухимдах тохиолдол гардаг. Бусдаар сэжигтэй тохиолдол болон ямар нэг зөрчил илрээгүй” гэлээ.

Харин Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Стратеги төлөвлөлт, гадаад харилцаа хариуцсан орлогч дарга С.Манатбек хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн байгууллагаас нийт 12 албан хаагч ажиллаж байна. Маск болон бээлийг өдөр бүр тарааж, хамгаалах хэрэгслээр хангаж байгаа бөгөөд өдрийн 3 хоолтой” гэв.

Мэргэжлийн байгууллагын албан хаагчдын мэдээллийг сонсны дараагаар Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Ямарваа нэг эрсдэл гарч, өвчин халдварлалаа гэхэд юун түрүүнд эдгээр товчоодын албан хаагчид аюулт өртөх магадлалтай. Иймд албан хаагчдын хамгаалах хэрэгсэл, хувцас, маскны хангамж, хоолны чанар маш сайн байх ёстой. Энэ үүднээсээ товчоодын үйл ажиллагаанд хяналт тавьж, ямар асуудал үүсч буйг сонсохоор ажиллаж байна. Товчоодод ажиллаж буй албан хаагчдын хамгаалах хэрэгсэл, маск, хувцас, хоол болон урамшууллын зардлыг НЗДТГ, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас гаргаж байгаа юм. Иймээс амин дэмтэй хоол хүнсээр хангах, урамшууллын мөнгийг нь олгох, халдвар хамгааллын дэглэмийг маш сайн сахиж ажиллах ёстой шүү. Мөн хамгаалах хувцсыг угааж, ариутгах шаардлагатай. Хүн хүч хүрэлцэхгүй тохиолдолд нэмэлт хүч ажиллуулаад дараалал үүсгэхгүйгээр зэрэг зэрэг асуумж бөглүүлээд, хяналтаа тавиад явах хэрэгтэй. Гэнэтийн шалгалтаар товчоодын үйл ажиллагаа, хяналт шалгалт сулрах хандлага байдаг шүү. Ингэж болохгүй. Ямар ч тохиолдолд хяналтыг маш сайн тавьж, иргэдээс асуумж зөвлөмжийг авах хэрэгтэй” гэдгийг санууллаа.  

Дашрамд дурьдахад, Улаанбаатарын шалган нэвтрүүлэх товчоодын урсгал хөдөлгөөний тандалт судалгаа өвчлөл гарсан тохиолдолд халдвар тээгчийн харилцсан хүмүүсийг хурдан хугацаанд олж тогтоох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зорилгоор НЗДТГ, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм. Тэдний тавьж буй асуумж-аргачлалын үр дүнд цуглуулсан мэдээлэл машин, зорчигч тус бүрээр нэгтгэгдэн цахим хэлбэрт шилжиж, дата сан үүсгэгдэх аж.  

http://credit-n.ru/offers-zaim/denga-zaimy-nalichnimi.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …