Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн дэд бүтцийн салбарт хийгдэж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа.
Хотын Захирагч хэдэн сарын өмнө энд ажиллахдаа “Бизнес Инкубатор” сургалтын төвийн барилгын гүйцэтгэгчид хандан хана, хаалга, хаалганы бариулаас шалны хулдаас хүртэл чанаргүй, стандартад нийцэхгүй материалаар хийсэн байгааг нэн даруй солих, чанар стандартад нийцсэн бүтээгдэхүүнээр өөрчлөх үүрэг чиглэлийг өгсөн. Энэ дагуу Баянхошуунд анх удаа төрийн нэг цэгийн үйлчилгээ бүхий бизнес инкубатор төвийн дотоод тохижилтын ажлыг чанар стандартын шаардлага хангасан материалаар гүйцэтгэгч компани хийж, бүрэн тохижуулсан байв.
“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зохицуулагч Д.Авирмэд “Бизнес Инкубатор сургалтын төвийн үйл ажиллагаа жигдэрч, иргэдэд үйлчлэх сургалтын төвүүд, нэг цэгийн үйлчилгээний танхимууд бэлэн болсон байна. Шинэ коронавирусийн цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоосон учраас одоохондоо зарим үйл ажиллагаа зогссон. Хөл хорионы дараа бүх ажил хэвийн үргэлжилнэ” гэдгийг Хотын Захирагчид хэллээ.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Гэр хорооллын айл өрхүүд амьдарч байгаа орчноосоо холгүй газраас төрийн байгууллагын үйлчилгээг нэг цэгээс авдаг байх боломжийг бүрдүүлж өгөх ажил үе шаттайгаар хийгдэж байна. Тус төвийг өнгөрсөн жилийн эцсээр нээх гэж байсан боловч гүйцэтгэгч компани зарим ажлуудыг чанарын шаардлага хангахгүй хийсэн учраас хугацаатай үүрэг даалгавар өгч, засч сайжруулсан. Ингэснээр гэр хорооллын иргэд хотын төвөөс ялгаагүй орчин нөхцөлд төрийн үйлчилгээг авч, хүүхэд залуус интернэтэд орж хичээлээ давтах, гарааны бизнес эрхлэгчид хөнгөлтттэй үнээр өрөө түрээслүүлэх зэрэг олон үйлчилгээг иргэдэд хүргэх боломжтой болж байна” гэлээ.
Баянхошуу дэд төвийн хүрээнд ашиглалтад орж буй “Бизнес инкубатор” төвд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаа явуулах чиглэлээр барилгын сантехник, бетон арматур, цахилгаан, засал чимэглэл болон гагнуурчны урт болон богино хугацааны сургалт явуулахын зэрэгцээ ажлын байран дээрх мэргэшүүлэх сургалтуудад хамрагдан аж ахуйн нэгж байгууллагуудад дадлагажин ажлын байранд зуучлуулах зэрэг үйлчилгээ, мэдээллүүлийг авах боломжтой зэрэг иргэдэд хэрэгцээтэй олон үйлчилгээг нэг цэгт төвлөрснөөрөө давуу талтай аж.
Дараа нь Хотын Захирагч С.Амарсайхан Баянхошуу дэд төвийн ажлын хүрээнд хийгдэж буй үерийн сувгийн далангийн дагуух тохижилтын ажлын гүйцэтгэлийг шалгав. Гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Дүүрэн трейд” компаний ерөнхий инженер Н.Бадмааванчин “Далангийн тохижуулалтын ажил 35 хувьтай хийгдэж байна. Төлөвлөсөн төлөвлөгөө, графикийн дагуу ажил хэвийн үргэлжилж байна. Хүндрэл бэрхшээл ажилд саад болж байгаа зүйл харьцангуй бага байна” гэдгийг онцолж хэллээ. Хотын Захирагчийн зүгээс далангийн тохижуулалтын ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхийг хүслээ.
Мөн энэ үеэр дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд амьдарч байсан газраа байраа солисон иргэд байрандаа орохдоо тухайн оршин сууж байсан газраа цэвэрлэж, хог хаягдлаа ачаагүй тэр хэвээр нь үлдээсэнд хотын Захирагч шүүмжлэлттэй хандан, холбогдох албаныхан болон төслийн зохицуулагч Д.Авирмэдэд хандан яаралтай цэвэрлэж, янзлуулахыг үүрэг болгов.
Мөн энэ үеэр дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд амьдарч байсан газраа байраа солисон иргэд байрандаа орохдоо тухайн оршин сууж байсан газраа цэвэрлэж, хог хаягдлаа ачаагүй тэр хэвээр нь үлдээсэнд хотын Захирагч шүүмжлэлттэй хандан, холбогдох албаныхан болон төслийн зохицуулагч Д.Авирмэдэд хандан яаралтай цэвэрлэж, янзлуулахыг үүрэг болгов.