“Моханик” хамтлагийн дуучин, хөгжмийн зохиолч, контемпорари уран бүтээлч Ц.Даваажаргалын “Ахин оршихуй” буюу “Re-exist” экпериментал дуу авиан бүтээлийн дижитал цомгийг Лондонд төвтэй Chinabot хөгжмийн платформ энэ оны 3 дугаар сард өөрийн сайтдаа байршуулжээ. Уг цомогт түүний сүүлийн 4-5 жилийн туршид бүтээсэн дуу авиан ажлуудаас түүвэрлэн оруулсан ба хуурцаг хэлбэрээр Лондонд нээлтийг нь хийж, bandcamp онлайн платформоор дамжуулан борлуулж байгаа аж.
Chinabot нь уламжлал болоод орчин үеийн хөгжмийг хослуулж, шинэлэг, онцгой бүтээл туурвиж буй Ази гаралтай уран бүтээлчидтэй хамтран ажилладаг, олон улсад нэртэй лэбэл юм.
“Re-exist” цомгийн нээлтийг хийснээс хойш сар хүрэхгүй хугацаанд хуурцаг нь борлогдож дууссан ба Английн The Wire Magazine, Independent Music Podcast, Album of the Year, Голландын Music Meter, Францын Radio Campus Orleans зэрэг дэлхийн хөгжмийн томоохон сэтгүүлүүд мэдээ, нийтлэл бичиж, Discogs, Spotify, Rate Your Music, I Heart Radio, KKBox, Hungama, Yandex Music, Last FM, Polskie Radio зэрэг 20 гаруй хөгжмийн платформ цомгийг нь танилцуулжээ.
Эдгээр сэтгүүлүүд Даваажаргалын бүтээлүүдийг бөөлөг хэмнэлтэй, уламжлалт чанараа хадгалсан, онцгой хэмээн тодотгосон байна.
Харин Chinabot лэбэлийн вэб сайт дээр “Ц.Даваажаргалын psychedelic, punk, sound art сүлэлдсэн Re-exist цомгийн бүтээлүүд нь хязгааргүй орон зайн мэдрэмжийг ахин дахин төрүүлнэ. Монгол орны өргөн уудам газар нутгийг санагдуулахаас гадна, түүний бүтээлүүдэд дахин төрөлт, нирваан, тэнгэрийг тахин шүтэх үзэл чухал байр суурийг эзэлнэ” гэж бичжээ.
Олон улсын Album of the Year сэтгүүл дээр “Саяхан Хү хамтлаг олон улсад нэлээд шуугиулаад авсан бол одоо дахин нэг сюрприз гарч ирлээ. Монголын хөгжмийн урлаг их баялаг бололтой. Бүтээлүүд нь давтагдашгүй бөгөөд одоо болтол үндэсний уламжлалаа хадгалсаар байгаа нь онцгой” гэсэн байна.
Ц.Даваажаргалын цомгийг https://chinabot.bandcamp.com/album/re-exist хаягаар орж сонсох боломжтой.