Монгол Улсаас Унгар Улсад суугаа элчин сайдын яамны төлөөлөгч З.Батбаяр өөрийн цахим хуудсандаа тус улс дахь шинэ төрлийн коронавирусын халдварын нөхцөл байдал болон тэнд амьдардаг Монгол иргэдийн талаар нийтлэл бичжээ. Нийтлэлийг бүрэн эхээр нь хүлээн авна уу.
Вирус бидний эргэн тойронд энд тэндгүй байна, хэн ч халдвар авч болно, хэн ч халдвар тарааж болно
“Европ тивд халдвар авсан хүний тоо 200,000 давлаа. Испани улсад нас барсан хүний тоо Хятадаас давж гарлаа. Унгарт халдвар авсан хүний тоо 221 болж нэмэгдлээ. Маргааш ч дахиад нэмэгдэх байх. Энэ бүх мэдээ Унгар улсад буй Монголчууд бидэнд тайвширч, алгуурлаж огтхон ч болохгүй, харин ч урд урдынхаасаа илүү анхааралтай, болгоомжтой байхыг дахин дахин сануулж байна. Вирус бидний эргэн тойронд энд тэндгүй байна, хэн ч халдвар авч болно, хэн ч халдвар тарааж болно. Английн ханхүү Чарльз хунтайж, Монакогийн ван Альберт гээд халдвар авсан хүмүүсийн нэрсийг жагсаавал их л урт жагсаалт болох байх. Яг одоо хамгийн аюулгүй орчин бол “ГЭР” болоод байна. Гэрээсээ л битгий гараарай гуйж байна.
Өчигдөр Печь, Дебрецен хотод буй оюутнуудтайгаа шууд холбогдож ярилцлаа. Оюутнууд маань байдлыг маш сайн ойлгож, гэрээсээ гарахгүй байгаа гэж ойлгогдлоо. Ярилцлагын үеэр Печь хотын их сургуулийн төгсөгч Эрдэнэцолмон маань оюутнуудад 100 маск бэлэглэсэнийг маргааш шуудангаар явуулахаар боллоо. Мөн Дебрецен хотын оюутнуудад Титэм компани маск өгөхөөр боллоо. Та бүхэндээ оюутнуудынхаа өмнөөс баярласанаа илэрхийлье. (Өмнө нь Цэрэндулам Сент Иштваны Их сургуулийнханд маск өгсөн гэж сонссон баярлалаа.) ЭСЯ-аас хөгжмийн сургуулийн хүүхдүүдэд цөөхөн тооны маск маргааш хүргүүлэх болно.
Эх нутгийн минь уул ус, мөнх хөх тэнгэр ивээх болтугай
Коронавирусын эргэн тойронд Та бүхэнд сонирхуулахад Унгар улсын ЗГ коронавирусын халдвартай холбоотойгоор hydroxychloroquine-sulfate нэртэй бодисыг болон энэхүү бодис оролцсон эмийн бүтээгдэхүүнүүдийг экспортлохыг хоригложээ. Энэ бодис нь коронавирусын халдвар авсан өвчтнийг эмчлэх зорилгоор олон улсад хэрэглэгдэж байгаа юм байна. Унгар улс энэ бодисыг экспортлодог дэлхийн тэргүүлэгч улсын хувьд ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах зорилгоор энэ шийдвэрийг гаргасан байна. Мөн пин код хийлгүйгээр картаар төлбөр хийх хэмжээ 5000 байсныг 15000 болгож нэмэгдүүлсэн нь товчлуур дарах эрсдлээс хамгаалж байгаа юм байна.
Хүнд хэцүү цаг үед сахилга бат, тэвчээр, уйгагүй байдал, эв нэгдэл биднийг хамгаална. Гэр – хамгийн аюулгүй газар.
Эх нутгийн минь уул ус, мөнх хөх тэнгэр ивээх болтугай.
2020.03.24 20″