Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулж “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо”-оос нийт 10 сая төгрөгийг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.
Тус холбооноос 18 аймгийн сумдын бэлчээр ашиглагчдын холбоо, малчдын хэсэг бүлэг, гишүүд дэмжигчдийнхээ дунд 03 дугаар сарын 30-ны өдрөөс 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хандивын аян зарласан байна.
Хандивын аянд 15 аймгийн 76 сумын 1837 малчин өрхөөс 13,4 сая төгрөг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо болон 18 аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны ажилтнуудын нэг өдрийн цалин болох 1,6 сая төгрөгийг буюу нийт 15 сая төгрөгийг цуглуулсан байна. Үүнээс Хөвсгөл аймаг 500 мянга, Увс аймаг 3 сая, Дорнод аймаг 1 сая, Баянхонгор аймаг 500 мянга буюу нийт 5 сая төгрөгийг аймгийн Онцгой комисстоо гардуулан өгсөн гэдгээ илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.