Гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангахын тулд “Би хариуцлагатай аав ээж“ аяныг Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хэрэгжүүлж байна. Энэхүү аяны хүрээнд “Би хариуцлагатай аав, ээж” фэйсбүүк постын уралдааныг хоёрдугаар сарын 17-оос гуравдугаар сарын 17-ыг хүртэл зохион байгуулж, дүнгээ гарган шагналыг гардууллаа.
Шагнал гардуулах үеэр Нийслэлийн гар бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул уранлдаанд оролцож байр эзэлсэн эцэг эхчүүдэд хандан “Энэ оны эхний хоёр сарын байдлаар эцэг эх, асран хамгаалагчдын хайхрамжгүй байдлаас болж Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2300 хүүхэд түлэгдсэн, тогонд цохиулсан, хутга мэсэнд хуруугаа гэмтээсэн байдалтай иржээ. Хэрвээ ээж, аав, ах, эгч нар, насанд хүрсэн хүн бүр хариуцлагатай байсан бол Монгол Улсын 2300 иргэн гэмтэж бэртэхгүй эрүүл саруул байх байлаа. Энэ зүйлийг ойлгуулах гэж хичээж ажиллаж байна. Тиймээс бид “Би хариуцлагатай аав ээж” аяны хүрээнд энэхүү уралдааныг явуулсан. Иргэдийн оролцоо, иргэдийн санаачлага нь хотыг хот шиг байхад хамгийн чухал үүрэгтэй. Бидний зорилго, санаачлага, хүслийг дэмжиж уралдаанд идэвхитэй оролцож, амжилт гаргасан та бүхэндээ баярлалаа.” хэмээн байр эзэлсэн эцэг эхчүүдэд батламж, мөнгөн шагналыг гардуулан өглөө.
Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих “Хөгжлийн түүчээ” сантай хамтран зохион байгуулсан уг уралдаанд нийт 84 бүтээл ирснээс гуравдугаар байранд Г.Баярцэцэг, хоёрдугаар байранд Д.Жавхлан, тэргүүн байранд Э.Баттуяа нар шалгарлаа. Эдгээр оролцогчдын ирүүлсэн постыг “Бидний хот” цахим хуудаснаас үзэж танилцах боломжтой.