УОК-ийн шийдвэрийн дагуу өчигдөр буюу энэ сарын 11-нд 282 иргэнээ ОХУ-аас эх орондоо авч ирсэн. Үүнээс 20 иргэн ХӨСҮТ-д, “Асралтмед” эмнэлэгт 28, “Амар” амралтын газарт 80, “Бага баян” амралтын газарт 41, Дархан-Уул аймагт 11 хүн, Сэлэнгэд хоёр хүнийг тусгаарлажээ.
Энэ талаар УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэхдээ, “Бага баян” амралтын газарт тусгаарласан хүмүүсээс нэг эмэгтэй зүрхний эмчийн хяналтад байх шаардлагатай учраас цаашид эмнэлэгт шилжүүлэхээр төлөвлөж байна. Дарханд тусгаарласан хүмүүс дунд нэг жирэмсэн эмэгтэй бий. Мөн ОХУ-ын Элчин сайдын яамны нэг ажилтан байгаа.
Мөн тэрбээр, УОК-ын энэ сарын 11-ны хуралдаанаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн “Амны хаалт зүүцгээе” аянд иргэн бүрийг нэгдэхийг уриаллаа. Түүнчлэн БНСУ-аас иргэдээ авч ирэх тусгай нислэгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсныг онцлоод ойрын хугацаанд холбогдох судалгааг хийнэ гэв.