Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн, Төрийн шагналт, Үндэсний соён гэгээрүүлэгч сэхээтэн, Улс төр нийхмийн нэрт зүтгэлтэн, Магнайлагч, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, Зохиолч, Сэтгүүлч, Доктор Лодонгийн Түдэв орчлонгийн жам ёсоор бүтэж төрж, хорвоо дэлгэхүйгээ танин мэдэж ертөнцийн мөн чанарт нэвтрэн Хөх Мөнх Тэнгэртээ мөнхөрлөө.
Эрхэм түүний хорвоотой танилцсан түүх өвгөдийн өлгий, удмынх нь гал омогшиж ёс болон мөнхөрсөн Хөбхээн Хэнхэрэг Алтай, Хар азаргын нуруу, Өвөр замын бууцнаас эхэлсэн юм. Хүн төрөлхөтний хөгжлийн танин мэдэхүй чулуугаар эхэлж чулуундаа шингэдгийн жам ёсоор эхийн өвөр, эцгийн гэрийн бууринаас хурганы бэлчээрт хүрсэн балчир хүү хаврын ноосолсон тэмээ лугаа алтайн хөх чулуутай танилцаж байгаа бүгдийг танин мэдэх аялалд гарчээ.
Тэрээр аялгуу өгүүлж хэмнэх алтайн хөх салхитай, алтайн хөх салхийг аялгуулж наадуулах дуутай танилцаж хонь үхрийн бэлчээрт гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хүрэхийн зэрэгцээ, сургууль соёлд орж анги танхимд бичиг үсэг заалгаж, эрдэм номын өргөөнөө орчлон ертөнцийн их мэдлэгийн орон зайд нэвтэрч эхэлсэн.
Түүний зам мөр, заяа тавилан нь өсч төрсөн Алтай нутгийн хөг аялгуугаар хэллэж, уулсын хөх чулуу адил уг ёсоор биежиж, их хэл бичгийн зүтгэлтэн болон түмэндээ дуурссан юм.
Орь залуу наснаасаа нийхэм соёлын салбарт үндэсний түүх өв соёлоосоо шинжлэх ухаанчаар сэтгэж урлаж ухааруулахуйн дээдээр оюун сэтгэлгээний зохиол бүтээлээ бүтээж эхэлсэн бөгөөд улс орны салбар бүрт цаг үеийн их бүтээн байгуулалтыг үйлдсэн залуу үеээ оройлон магнайлж, уриалан дуудаж, чиглүүлэн удирдаж ирсэн. Улмаар Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн 1-р нарийн бичгийн даргаар 1974-1984 онд ажиллахдаа улс ардын аж ахуй, орчин үеийн хот суурины их бүтээн байгуулалтад залуу хойч үеийг бэлтгэн оролцуулах, бүтээх их үйл хэрэгт хөг нэмэн чиглүүлж, хөгжил дэвшлийг цогцлоосон билээ.
Үндэсний үнэт зүйлээрээ сэтгэж, үйл хэргээрээ урлаж, зохиол бүтээлээрээ ухааруулсан таны суу алдар өнө мөнхөд Монголын Залуучуудын бүтээгч ертөнцөд хөг нэмэн цуурайтах болно.
Нийгмийг үндэсний үнэт зүйлээр од адил чиглүүлэгч сэхээтэн, бүтээн байгуулалтын цагийн илч, залуу үеийг нар адил халамжлан хүмүүжүүлэгч та Хөх Мөнх Тэнгэртээ Амгалан Залрах болтугай.
-Монголын Залуучуудын Холбоо-