Дэлхий дахинд өргөн хүрээнд тархаж буй шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж буй ОБЕГ-ын хамт олонд БОАЖЯ-ны харьяа 21 аймгийн сав газрын захиргааны 200 гаруй албан хаагч хандив хүргүүлснийг БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Сав газрын удирдлагын хэлтсийн дарга С.Баттулга нар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, Бригадын генерал Г.Ариунбуянд хүлээлгэж өглөө.
Хандив гардуулах үеэр БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Дэлхий нийтээрээ аюулт халдварт өвчинтэй тэмцэж буй энэ үед БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ажлын хэсэг “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” аяныг улс орон даяар амжилттай зохион байгуулж, 400 орчим сая төгрөгийг БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүлээлгэн өгсөн. Харин одоо Монгол Улсынхаа гол, мөрөн усыг хамгаалдаг 21 аймгийн сав газрын захиргаанаас иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж буй ОБЕГ-ын албан хаагчдад 3.180.000 төгрөгийг хүргүүлснийг гардуулж байна” хэмээсэн юм.
Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, Бригадын генерал Г.Ариунбуян “ОБЕГ-ын албан хаагчдад сэтгэлийн болон мөнгөн дэмжлэг үзүүлж буй 21 аймгийн сав газрын захиргааны хамт олонд Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, Шадар сайдын гарын үсэг бүхий талархлыг гардуулж байна. Бид энэхүү аюулт өвчнийг хамтдаа даван туулна гэдэгт итгэлтэй байна. Сав газрын захиргаадын хамт олны цаашдын ажилд амжилт хүсье” гэлээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Монгол орны усны сав газрыг батлан, Засгийн газрын тогтоолоор Сав газрын захиргаадыг байгуулан ажиллах шийдвэр гаргасны дагуу 21 аймагт усны сав газрын захиргаадыг байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогоор орон нутагт усны 21 сав газрын захиргаа, 24 сав газрын зөвлөл ажиллаж байна.